Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Болдбаатар: Зураачийн багш бол байгаль эх юм

Б.Бадралмаа, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Ц.Болдбаатартай ярилцлаа.

-Таныг шугам зургаас уран зурагт “урвасан” хүн гэдэг. Яг хэзээнээс уран зураг зурж эхэлсэн юм бэ?

-Би 1982 онд Багшийн дээдийн их сургуулийн шугам зургийн ангийг төгссөн. Оюутан байхдаа шугам зургаас гадна уран зургийг гайгүй зурчихдаг оюутан байлаа. Сургуулиа төгсөөд арав гаруй жил шугам зургийн багшаар ажилласан ч миний дотор зураач болчих юмсан гэсэн бодол байнга асаж явдаг байв.

Ингээд 2000 оноос уран зураг сонирхон зурж эхэлсэн. Уг нь зураач болоход арга техникийг нь заавал багшаар заалгасан байх ёстой л доо. Гэхдээ би багшаар заалгасангүй, өөрөө өөрийгөө боловсруулсан гэж хэлж болно.

Эхэндээ сонгодог зураачдын зурсан зургуудыг хуулж зурдаг байсан. Ингэж хуулж зурснаараа рисунк алдахаа больж, өнгийг сайн ялгаж сурдаг юм билээ. Ингээд 2006 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан шүү.

-Та уран зураг дотроо ихэвчлэн бодит зураг зурдаг. Яагаад энэ төрлийг сонгон зурах болов?

-Уг нь анхны үзэсгэлэнгээ абстрак зургаар гаргасан. Үүнээс хойш бодит зураг сонирхох болсон. Өөрөөр хэлбэл, би энэ үзэсгэлэнгээсээ өөрийгөө бодит зураг зурах ёстой гэдгээ таньсан. Ер нь би бодит зураг дотроо хөрөг зурагт дуртай.

Зургаа зуруулаад баярлах хүмүүсийн төрх ямар сайхан харагддаг гэж бодно. Тэндээс л би урам зориг авдаг. Тэр ч утгаар хөрөг зургийн бие даасан гурван үзэсгэлэн гаргасан. Харин одоо бүтээлээ бага зэрэг хүндрүүлэх бодолтой натур дээр ажиллаж байгаа. Жил гаруй хугацаанд олон ч бүтээлтэй болж, эмэгтэй хүний нүцгэн хөргөөр үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэндээ 56 бүтээл дэлгэсэн.

-Та ингэхэд урын сандаа хэчнээн бүтээлтэй вэ?

-Тоолж байгаагүй, 300 орчим бүтээл байгаа байхаа. Мэдээж үзэсгэлэнгийн үеэр зарагдсан бүтээлүүд ч бий.

-Таны бүтээлд байгалийн зураг нэлээд харагдсан. Эндээс харахад зураач, байгаль хоёрыг салгаж ойлгох боломжгүй мэт?

-Байгаль бол зураачдын багш. Энд маш олон өнгө байдаг. Зун гэхэд л ганцхан ногоон өнгө байдаггүй шүү дээ. Энэ улиралд хэчнээн өнгө байдгийг олж харвал зураач болох авьяастай байна гэсэн үг. Миний хувьд намрын улиралд дуртай. Намарт л хамгийн олон өнгө сүлэлддэг.

-Хөрөг зурдаг залуу зураач олон болсон. Энэ төрлийн зургийг зурахад юуг анхаарах ёстой гэж та боддог вэ?

-Хөрөг зурахдаа хүний гадаад дүр төрхийг илэрхийлэхээсээ илүүтэй дотоод мөн чанарыг нь харуулбал илүү бодит болдог. Энэ дотоод чанарыг гаргана гэдэг нарийн мэдрэмж шаардана. Хөрөг зургийг худлаа, санаанаасаа зохиож зурж болохгүй. Тиймээс хөрөг зураг зурдаг хүн гэрэл сүүдэр өнгөний нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хүн бүр өөр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Гуравдугаарт, тухайн хүний зан төрхийг бодитоор гаргах нь чухал. Зан байдлыг нь илэрхийлэхгүйгээр зүгээр л адилхан хүн зурчихвал бүтээл биш.

-Түрүүн та хүн бүр өөрийн өнгөтэй гэлээ. Хүний өнгө өөрчлөгдөх үү?

-Ямар ч хүнд амьдралын хэцүү үе тохиодог. Тухайлбал, ийм үед зураач хүний бүтээлүүдийн өнгө бараан болсон нь ажиглагддаг. Ингэж өөрчлөгдөж байгаа нь тухайн хүний сэтгэлзүйн байдал, мөн чанарыг илэрхийлж байгаа гэсэн үг. Хүнийг хэдий чинээ ойлгож чадна тэр хэрээрээ сайн бүтээл төрнө шүү.

-Хөрөг зурдаг олон зураачийн бүтээлээс таны бүтээл ямар онцлогтой бол?

-Хүн бүхний зурах арга барил өөр. Нэг хүний зургийг хоёр зураач зэрэгцээд зурахад өөр өөр техникээр зурна. Тухайлбал, би “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбаттай ярилцаад суухад тэр маш гоё инээмсэглэдэг нь харагдсан. Ингээд түүний хөргийг зурахдаа чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаагаар зурсан даа. Нэг зүйлийг тодруулахад, инээж байгаа хүн зурна гэдэг тийм ч амархан биш.

-Таны бүтээлийн голлох өнгө? 

-Ихэвчлэн тод өнгөөр илэрхийлж гаргадаг.

-Зураачийн бүтээлүүд цаг хугацааны хувьд харилцан адилгүй бүтдэг. Таны гараас хамгийн хурдан гарсан бүтээл ямар бүтээл вэ?

-Би их түргэн гартай. Өөрөөр хэлбэл, аливаа уран бүтээлийг гараасаа хурдан гаргачих гээд байдаг сул талтай. Магадгүй энэ маань сайн чанар ч байж болно, тийм биз (инээв). Аль алийг нь үгүйсгэхгүй. Бодсон зүйлээ тэр дор нь тэмдэглээд гаргах, удаан боловсруулах аль алинд нь л ухаан шаардаж байгаа.

-Та өөрийгөө зурж байсан уу?

-Зурсан. Натураа зурж байсан

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Хөрөг зургийн тухайд бүжигчин эмэгтэйн натур дуусгаад байгаа. Одоо харин нийтийн бүжигнээс дарсан зургаа өөрийн бүтээл болгох гээд ажиллаж байна. Энэ бүтээл маань 100*70 хэмжээтэй. Энэ зургаа бодит байдлыг харуулах үүднээс их гоё болгох гэж ажиллахгүй гэж бодож сууна.

-Захилгын бүтээл, өөрийн сэтгэл зүрхнээс гарсан бүтээлийн хооронд асар их ялгаа бий юү?

-Зурах арга барил дээр ялгаа байхгүй. Нэг ялгаа нь өөрийн хүслээр зурсан зургаа хэн нэгэнд зориулж биш зөвхөн өөртөө үлдээх гэж зурдаг бол захиалгын зургийг тухайн хүний санаагаар зурна. Анх зураг зурж эхлэхдээ захиалгын зургийг үл тоож явсан үе бий. Одоо бол надаас гарч байгаа уран бүтээл учраас аль алийг нь сайн гаргах ёстой. Миний зурсан зурагнаас би харагдаж байх хэрэгтэй гэж боддог.

-Бие даасан ээлжит үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө бий юү?

-Хараахан төлөвлөгөөгүй байна.

-Та Монголын уран зургийн хөгжлийг ямар шатанд явна гэж хардаг вэ?

- И.Е.Репений академийг төгссөн хэд хэдэн хүн Монголын реалист уран зургийг хөгжүүлсэн. Ардчилсан нийгэм гарахаас өмнө уран зураг төдийлөн сайн хөгжсөнгүй. Үүнээс өмнөх уран бүтээлүүд суртал ухуулгын шинжтэй байсан нь ажиглагддаг. Тухайн үед нүцгэн эмэгтэйн хөрөг зураг зурвал шоронд явна.

Харин ардчилсан нийгмийн ачаар хүмүүс чөлөөтэй сэтгэж, тэр хэрээр Монголын уран зургийн хөгжил сайжирсан.

Зураг