Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Допинг хэрэглэсэн хоёр бөхийн даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдийн хоёроос нь сэргээш илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хороо өнөөдөр хуралдаж хоёр бөхийн цолыг хураах эсэх тухай шийдвэр гаргажээ.

Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр ирц өндөртэйгөөр хуралдаж, Үндэсний бөхийн салбар хорооны допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн асуудлыг хэлэлцсэн.

Хурлаар энэ жилийн баяр наадамд түрүүлж, аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрлээ.

Мөн наадмын барилдааны таваас дээш даваанд буюу Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгохоос гадна улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдсэн.

Гэхдээ Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны энэхүү шийдвэр эцсийнх биш гэдгийг санах хэрэгтэй. Бид саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж байгаа бөгөөд шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана" гэв.

Мөн тэрбээр, Э.Оюунболд B сорьцын шинжилгээг хүлээхгүй гэсэн бол Д.Цэрэнтогтох нь сорьцын шинжилгээг харахаар болсон ч хариу нь анхныхтайгаа адилхан гарсан хэмээн zarig.mn сайтын шууд дамжуулалтаар ярилаа.

Урьд нь ч А болон В сорьцын шинжилгээний хариу зөрсөн тохиолдол огт гарч байгаагүйг нэмж хэлсэн юм.