Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн хамгаалах суудал хандиваар цуглуулж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
 

Хамгаалалтын суудлыг тогтмол ашиглах нь зам тээврийн ослын үед хүүхэд амь насаа алдах эрсдлийг 90 хүртэлх хувиар, хүнд гэмтэх эрсдлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг.

Хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг сурталчлан таниулах зорилготой “Амин хариуцлага” төслийг Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэгээс санаачлан Тээврийн Цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж байна.

2019 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 219 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 56 нь хүнд хүндэвтэр хэлбэрээр гэмтэж 16 хүүхэд амь насаа алдсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь тээврийн хэрэгслээр зорчих үедээ гэмтэж бэртсэн байгаа нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг буруу тээвэрлэсээр байгааг харуулж байна.

Хэдий 2018 оны 11 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” хэмээн тусгасан боловч тус хууль нь одоог хүртэл бүрэн хэрэгжихгүй байсаар байгаа юм.

Энэ нь нэг талаас эцэг эх, асран хамгаалагчдын дунд хамгаалах суудлын талаар ойлголт дутмаг, хэрэглэх дадал хэвшээгүй мөн хамгаалах суудлын өртөг өндөртэй холбоотой гэж судлаачид үзэж байна.

“Амин хариуцлага” аяны хүрээнд Америкийн Нэгдсэн улсад ажиллаж, амьдардаг  Монгол залуусын нэгдэл “Олуулаа” ТББ-тай хамтран хамгаалах суудлын аян өрнүүлсэн бөгөөд удахгүй эдгээр суудлууд нь Монголд ирэх юм. Мөн хандивын аян нь Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд цуглуулсан суудлуудыг санхүүгийн боломж багатай, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд 11 сард хүргэж өгөх аж. Хэрвээ та хүүхдийн хамгаалах суудал хандивлах эсвэл хандиваар авахыг хүсвэл “Амин хариуцлага” төслийн Фэйсбүүк хуудас болон www.carseat.mn сайтаар хүсэлтээ ирүүлэх, холбогдох боломжтой юм байна.

 

ГЛОБАЛ ШЕЙПЕРС УЛААНБААТАР НИЙГЭМЛЭГИЙН ТУХАЙ

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейперс нийгэмлэг нь дэлхий даяар 450 хотод суурилсан залуусын нэгдэл юм. Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг нь 2011 онд байгуулагдсан бөгөөд “Амин хариуцлага” төслөөс гадна “Монгол гэр”, “Залуу Мэргэжилтнүүдийн менторшип хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн залуу манлайлагч” зэрэг нийгэмд чиглэсэн олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.