Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Эрдоган нар Сирид гал зогсоох хугацааг сунгах гэрээ байгуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хар тэнгисийн эргийн Сочи хотод уулсан Орос, Туркийн ерөнхийлөгч нар Сирийн зүүн хойд нутагт буфер бүс байгуулах, хамтарсан эргүүл ажиллуулах, Курдын зэвсэгт бүлэглэлд ухрах боломж олгох гэрээ байгуулжээ.

Владимир Путин, Рэжэп Тайип Эрдоган нар долоон цаг орчим хугацаанд уулзсаныхаа дараа энэхүү шийдвэрийг зарласан байна.

“Сири улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, дүрвэгчдийг буцаах түүхэн санамж бичигт ерөнхийлөгч Путин бид хоёр гарын үсэг зурлаа” гэж Туркийн ерөнхийлөгч Эрдоган уулзалтын дараа мэдэгджээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Сири-Туркийн хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулах чухал шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн байна.

Гэрээ ёсоор Орос болон Сирийн зэвсэгт хүчин Курдын зэвсэгт бүлэглэлийг 150 цагийн дотор Турк-Сирийн хилээс 30 км-ээс дээш зайнд холдуулах үүрэг хүлээжээ.

Үүний дараа Турк, Оросын цэргүүд хилээс 10 км дотор хамтарсан эргүүл ажиллуулахаар тохиролцсон байна. Үүнээс гадна Курдын зэвсэгт бүлэглэлийг хил орчмын Манбиж, Тал Рифат хотуудаас гаргахаар болжээ. АНУ-Туркийн талуудын тохиролцсон гал зогсоох 150 цагийн хугацаа өчигдөр өндөрлөсөн юм.

Тэгвэл өнөөдөр үд дундаас эхлэн Анкара-Москвагийн тохиролцсон гал зогсоох 150 цагийн хугацаа эхэлж байна. Уулзалтын үр дүнд Сири дэх Туркийн байлдааны ажиллагаа зогсож байгааг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

“Одооноос эхлээд манай үндсэн зорилго бол тогтвортой байдлыг бий болгох” гэж Туркийн ерөнхийлөгч Эрдоган мэдэгдсэн байна.

Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргээ гаргах шийдвэрээ зарласан юм. Үүний үр дүнд Турк, Орос улсууд иргэний дайны хөлд олон жил нэрвэгдсэн Сири улсын нутагт дэвсгэрт гол тоглогчид болон үлдэж байна.

 

Эх сурвалж: AFP