Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гадаад паспорт

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн нь улсынхаа  нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан байдаг.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай  хууль нь 1993 онд батлагдсанаас хойш нийт 13 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна өнөөдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагын үүднээс төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 6 бүлэг 12 зүйлтэй болохыг дурдлаа.

Хуулийн төсөлд:

Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд гадаадад зорчих Монгол Улсын иргэний үүрэг, хариуцлагын талаар дурдсан байна. 180-аас дээш хоног зорчиж, тухайн бүс нутагтаа зорчиж байгаа тохиолдолд иргэд дипломат төлөөлөгчийн газар болон консулын газартаа бүртгүүлэх үүрэгтэй байдаг байсныг уян хатан болгож цахимаар бүртгүүлэх бололцоог бүрдүүлэхээр тусгажээ. Ингэснээр цаашид тухайн иргэн төрийн үйлчилгээг авах эрхийг хангах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.

Төслийн хүрээнд хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн талаар, сангаас тусламж дэмжлэг үзүүлэх хэлбэрийг тодорхой тусгаж, сантай холбоотой нарийвчилсан журмыг Засгийн газрын тогтоолоор батлах тухай эрх шилжүүлсэн зохицуулалтыг тусгажээ.

Гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг 43 дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар хариуцан ажилладаг

Өнөөдрийн байдлаар БНСУ-д 49,000, АНУ-д 30,000, БНХАУ-д 10,000 орчим, Япон Улсад 9,000 орчим гэх зэргээр гадаадын 76 улсад Монгол Улсын 175,687 иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 6 хувийг эзэлж байгаа гэдэг тоон мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн танилцуулав.

Оршин суугаа иргэдийн талаарх дээрх тоон мэдээлэл дээр зорчиж буй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр 2.5 сая хүрсэн аж.

Гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг 43 дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар хариуцан ажилладаг байна.

Харин зөвхөн ОХУ дахь ЭСЯ-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөгч ажиллаж байгааг тэрбээр хэлэв.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.