Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Захиалгаа гүйцэтгэж чадаагүй таван алуурчинд Хятадын шүүх шийтгэл оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт өмнөд Хятадын Гуанши өөртөө засах мужийн Наннинь хотын дунд шатны ардын шүүх нэгэн сонирхолтой хэргийн эздэд хорих ял оноох шийдвэр гаргажээ.

2013 оны намар тус мужийн үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Чинь гэгч өөртэй нь маргаан үүсгээд байсан бизнесмэн Вэй гэгчийг захиалж алуулахаар хүн хөлсөлж, хоёр сая юань ($280,000) төлсөн байна.

Гэтэл захиалга авсан этгээд хүн алахаас зайлсхийж, мөнгөний тал хэсгээр дахин нэг алуурчин хөлсөлжээ. Энэ мэтээр хэд хэдэн хүнд дамжсан захиалга тав дахь алуурчин Линьд зургаан сарын дараа ирэхдээ мөнгөний хэмжээ нь 100 мянган юань ($14,000) болж буурсан байна.

Линь ч бас хүн алах дургүй байжээ. Тэр бизнесмэн Вэйтэй холбоо барьж уулзахдаа хэн нэгэн өөрийг нь алуулахаар захиалсныг хэлээд “Дөнгөж 100 мянган юаний төлөө би хүн алмааргүй байна. Харин хоёул хуйвалдаж, чамайг алсан мэтээр итгүүлье” хэмээн ярьж тохиролцсон байна.

Ингээд Вэйг хүлээтэй байгаа гэрэл зургийг захиалагчид илгээж, ажиллагаа амжилттай болсныг мэдэгджээ.

Гэвч олны нүднээс хэсэг хугацаанд нуугдсан Вэй удалгүй ил гарч, болсон явдлын талаар цагдаад мэдэгдсэн байна. Тэрээр энэ удаа захиалагчийг хуурсан ч хэзээ нэг цагт бусдын гарт алагдахаас болгоомжилж хэргийг илчлэхээр шийдсэн гэнэ.

Шүүгч нар анхны захиалга өгсөн Чинь болон бусад таван алуурчныг хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт яллаж, тус бүр хоёр жилээс таван жилийн хугацаатай шоронд хорих ял оноосон тухай Наннинь хотын шүүхийн Вэйбо хуудсанд мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian