Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шинэ эзэн хаан сэнтийдээ заларсныг зарлан тунхаглалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Япон улсын шинэ эзэн хаан Нарухито сэнтийд заларснаа зарлан тунхаглах ёслол боллоо.

Олон зууны уламжлалтай ёслол хүндэтгэлийн ажиллагаанд дэлхийн 180 гаруй орноос ирсэн хүндэт зочид оролцсон юм. Нарухито тавдугаар сард хаан ширээг залгамжилснаар Рэйвагийн эрин эхэлжээ. Тухайн үед бага хэмжээнд ёслоод өнгөрсөн бол өнөөдөр бүрэн хэмжээний ёслол нь болсон юм.

“Үндсэн хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэж, улс үндэстэн, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл байхаа батлан тангараглаж байна” хэмээн 59 настай хаан 2,000 орчим хүндэт зочны өмнө зарлажээ.

Хаан сэнтийд заларснаа дотроос нь зарлан тунхагласан 6.5 метр өндөр, 8 тонн жинтэй асрыг Такамицура гэдэг. Уг асар дотор эзэн хааны гурван ариун шүтээний хоёр нь болох эртний илд, үнэт эрдэнэсийг байрлуулжээ. Исэгийн их сүмд хадгалагддаг толь үлдсэн нэг шүтээнд тооцогддог байна.

 

Нарухито нь дэлхийн хоёрдугаар дайны дараа мэндэлсэн Японы анхны эзэн хаан болж байна. Түүний өвөг эцэг Хирохитог дайны үед Японы армийн цэргүүд амьд бурханд өргөмжилдөг байв. Гэвч 1945 онд Япон улс бууж өгсний дараа эзэн хаад улс төрийн эрх мэдэлгүй болсон юм.

Нарухитогийн эцэг Акихито нас өндөр болсноос албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, хаан ширээнээсээ татгалзсан нь сүүлийн 200 орчим жилийн түүхэнд анхны тохиолдол болсон байна.

Гадаадын зочдын дотор Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз, Хятадын дэд ерөнхийлөгч Ван Чишань, АНУ-ын зам тээврийн сайд Элайн Чао зэрэг хүндтэй хүмүүс байжээ.

Өнөөдөр орой хүндэт зочдод зориулсан эзэн хааны хүлээн авалт болох бол маргааш өдөр уригдсан язгууртнуудад зориулсан цайны ёслол болно. Хаан сэнтийн ёслолд зориулж бүх нийтийн баярын жагсаал зохион байгуулагдах ёстой байсан ч арваннэгдүгээр сарын 10-нд болгож хойшлуулжээ.

Энэ нь арав хоногийн өмнө Японы төв хэсгийг дайрсан Хагибис хар салхины гамшиг арилаагүй байгаатай холбоотой. Байгалийн энэхүү гамшгийн улмаас 80 гаруй хүн амь үрэгдээд байгаа.

Эзэн хаан Нарухито нь ганц охинтой. Японы хуулиар эмэгтэй хүн хаан ширээг залгамжилдаггүй. Тиймээс Нарухитог залгамжлах нэгдүгээр хүн нь түүний дүү, ханхүү Акишино болж байгаа. Хоёр дугаарт бичигдэж байгаа залгамжлагч нь Акишиногийн 13 настай хүү Хисахито юм. Хэрвээ Хисахито нуган үртэй болж чадахгүй бол Японы эзэн хааны удам тасрахад хүрч, эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрөх асуудал яригдах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Today