Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Балжинням, Дашням давхацсан өлзийт сайн өдөр 48 хос гал голомтоо бадрааж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Намрын дунд сарын 15-ны Балжинням, Дашням давхацсан өлзийтэй сайн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 48 залуу хос хуримын ёслолоо хийж, гал голомтоо бадрааж байна.    

Энэ талаар Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа Манай Гэрлэх ёслолын ордон гэрлэлтийн баталгааг үндэслээд хуримын ёслолын ажиллагааг хийдэг. Өөрөөр хэлбэл, гэр бүл болох хүнээ өөрийн төрөл төрөгсөд, найз нөхөд, ах дүү нартаа таниулах арга хэмжээ гэж ойлгож болно. Гэрлэх ёслол хоёр талын ураг удмыг нийлүүлж, танилцуулдаг шүү дээ. Тийм ч болохоор энэ нь нэг ёсондоо ургийн баяр юм” хэмээн тайлбарлав.

Энэ жилийн хамгийн залуу хосууд нь 2000 оныхон буюу 19 настай хуримлагчид байжээ. 

“Орчин үеийн залуус дөнгөж танилцаад хуримын ёслол хийхээ больжээ. Ер нь тогтвор суурьшилтай хэдэн жил амьдарсан, 1-2 хүүхэдтэй болоод хуримаа хийх нь түгээмэл болж. Залуу хосуудаас гадна олон жил ханилсан хүмүүс очир-эрдэнэ, алт, мөнгөн хуримаа хийдэг болсон байна.  Мөнгөн хуримыг 25-аас дээш жил ханилсан гэр бүл хийдэг бол алтан хуримыг 40-50 жил ханилсан хосууд хийдэг. Харин очир-эрдэнийн хуримыг 60-аас дээш жил ханилсан бол хийнэ” гэдгийг тэрбээр нэмж сонирхууллаа.

Гэрлэх ёслолын ордон жилийн 365 хоногийн нэг ч өдөр амралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн өнөөдрийн байдлаар гэрлэх ёслолын ордонд 1,200-аад хос хуримын ёслол хийсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 3-4 гэр бүлийн хурим болдог гэсэн үг юм.

Өнөөдрийн хувьд Гэрлэх ёслолын ордон үүрийн 04:00 цагаас эхлээд хосуудын хуримын ёслолыг үйлджээ. Энэ ажиллагаа 19:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.