Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэлгэрням: Ялагдал хэзээ ч мартагддаггүй

Б.Мөнхтүшиг, Зууны мэдээ
2019 оны 10 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын сагсан бөмбөгийн 3x3 багийнхан БНСУ-ын Чежү аралд болсон сагсан бөмбөгийн 3x3 төрөлд амжилттай оролцоод xv орондоо ирэх үеэр үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Д.Дэлгэрнямтай ярилцлаа.

-Шилдэг тоглогчоор шалгарсанд баяр хүргэе. Анх энэ спортод хэрхэн хөл тавив?

-Баярлалаа. Миний хувьд гудамжинд найзуудтайгаа сагсан бөмбөг тоглодог байлаа. Анх 2006 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Төв аймгийн өсвөрийн багт тоглосон. Дараа жил нь анхны “Гоё лигт” аймгийнхаа ах нартай оролцохын тулд албан ёсоор бэлтгэл хийж эхэлсэн. 2008 онд ШУТИС-ийн “Шаркс” багт орсноор сагсан бөмбөгийн ертөнцөд тоглогч болох гараагаа эхлүүлсэн. 2017 оны дөрөвдүгээр сараас “Nanjing Challenger”-т орсноор миний карьер эхэлсэн.

-Энэ спортоор хүүхэд, залуус их хичээллэх болсон ч багаар тоглодог спорт манайд хөгждөггүй гэлцдэг?

-Энэ спорт манай оронд хөгжөөд удаж байгаа. Олон улсын тэмцээнд ч хүчтэй өрсөлдөж байна. Багийн спортын төрлөөс сагсан бөмбөгийн 3x3 төрөл монголчуудад илүү тохиромжтой юм болов уу гэж боддог. Энэ жил манай багийн хувьд 10 дэлхийн гран при, хоёр world tour, Азийн аварга, дэлхийн аваргад оролцсон. Үүнээс хоёр гран при-д III, world tour-д IV байр, сая болсон гран прид түрүүлсэн. Бусад тэмцээнд V-VIII байрыг эзэлж байсан.

-Чежу гран прид үнэхээр дайчин тоглож анх удаа шилдэг үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Тухайн үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэл их хөдөлсөн. Хүн аливаа зүйлд тууштай байж чадвал амжилтад хүрч болдог юм байна гэж бодсон. Хамгийн анх “3x3” төрлөөр хичээллэж эхлэхэд миний хувьд зөвхөн хамгаалалтад түлхүү ажилладаг байсан. Оноонд тулгуурлаж тоглодоггүй байсан. Яваандаа өөрийгөө дайчилж хөгжүүлсэн. Энэ жилийн хувьд манай багийн тамирчин Цэнгүүнбаяр бэртэж өөрсдийгөө дайчлахаас өөр аргагүй болсон. Шидэлт болон хүчний бэлтгэлийг уйгагүй хийсний үр дүнд сайн тоглож чадлаа.

-3x3 сагсан бөмбөгийн төрөлд Сербийн шигшээ баг амжилттай оролцдог шүү дээ?

-Сербийн баг “ЗхЗ”-ийн төрлийн маш том төлөөлөл. Сербийн Нови Сад баг долоон удаа дэлхийн аварга болоход зургаад нь финалдсан. Таван удаа аварга болж нэг удаад нь II, IV байрт орж байсан. Серби олон шиддэг багтай. Ухаалаг, биеийн хүчний тоглолт сайтай баг гэж боддог.

-Манай сагсчид 3x3 төрлөөр тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож байна. Гэтэл 5x5 төрлөөр яагаад олон улсад төдийлөн амжилт гаргадаггүй юм бол?

-Сагсан бөмбөгийн энэ хоёр төрөл хоорондоо их зөрүүтэй. Багийн гишүүдийн тоо болон тоглож буй талбайн хэмжээ, дүрмээрээ их ялгаатай. 3x3 бол жижигхэн талбайд маш богино хугацаанд, авхаалж самбаа гаргаж тоглодог. Мөн тамирчнаас биеийн хүч их шаарддаг. Харин 5x5 төрөл нь хоёр талын шийдэнд арван тамирчин тоглодог. Үүгээрээ хамгаалалт, довтолгоо гээд өндөр ур чадвар гаргаж, тактикийн тоглолт их явагддаг онцлогтой. Мөн тамирчнаас нуруулаг байхыг шаарддаг. Тиймээс 3x3 төрөлд манай тамирчид нуруу намдахгүй, өндөр ур чадвар гаргаад байдаггүй, биеийн хүчээр илүүрхэж тоглодог болохоор дэлхийн багуудтай өрсөлдөж, амжилт гаргах боломжтой байдаг. Гэхдээ 5x5 төрөлд амжилт үзүүлэх боломжтой.

-Та сагсчин Леброныг дэмждэг гэсэн. Түүний тоглолтын арга барилаас эзэмшихсэн гэж хүсдэг техник байдаг уу?

-Миний хувьд NBA-raac Леброн Жеймсийг үзэх дуртай. Тэрбээр бүх талын тоглолтгой. Самбар доор шахаж шиддэг, маш их хурдтай, хүчтэй. Биеийн хүчний тоглолт сайтай. Тиймээс би түүн шиг бүх талын тоглолттой болох юмсан гэж боддог.

-Мартагдашгүй дурсамж үлдээсэн тоглолтоосоо дурсвал?

-Ялалт болгон хүнд сайхан дурсамж үлдээдэг. Гэхдээ хүн мартдаг. Надад ялалтаас илүү ялагдал хэзээ ч маргагдахааргүй сэтгэгдэл үлдээдэг. Бидний хувьд Германы Берлин хотод болсон “Berlin Challenger’’-т оролцоод хэсгээ тэргүүлж гарсан.

Тэр үед бэлтгэл сургуулилт хангагдсан сайн тоглож байсан. Литвийн багтай таараад оноог илүү болгоод цаг дуусах мөчид эргээд хамгаалахдаа гарыг нь цохиж алдаа хийсэн. Энэ үед Литвийн баг хоёр шидэлт хийснээр манай баг хожигдож байсан. Түүний дараа их харамссан. Одоо хүртэл тэр тоглолт бодогдоод байдаг. Хожиж байгаад азгүйдлээр хожигдсон тоглолтуудыг л ерөөсөө мартдаггүй. Ялалт болгон мэдээж гоё шүү дээ.

-Удахгүй Саудын Арабын Жеддах хотод болох Их дуулгын тэмцээнд оролцоно. Эхний тойрогт ямар багтай таарч тоглох вэ?

-Саудын Арабд оролцох тэмцээнд манай баг чансаагаараа V байрт байгаа. D хэсэгт “Улаанбаатар Challenger” тэмцээнд хожигдсон Литвийн “Сакай” багтай нэг хэсэгт орсон. Гурав дахь баг нь урьдчилсан шатнаас гарч ирнэ. Ямар баг орж ирэх нь тодорхойгүй байгаа.

-Танд бусад орноос багтаа тоглооч гэсэн санал тавьж байсан уу. Хэрэв санал ирвэл?

-Солонгос, Японоос санал ирж байсан. Би 30 нас хүрч байгаа. Надад олон жил тоглох карьер нэг их байхгүй. Тиймээс одоо боломжтой байгаа дээрээ багтайгаа чадах карьераа дуусгая л гэж боддог. Түүнээс өөр улсад тоглоно гэсэн бодол байхгүй.

-3x3 төрөлд манай тамирчид дэлхийд танигдлаа. Харин залгамж халаагаа хэр бэлдэж байна. Өөрийн гэсэн гарын шавьтай болох бодол байна уу?

-Энэ талаар одоохондоо бодож үзээгүй байна. 3x3 зөвхөн насан хүрэгчдэд зориулсан тэмцээн зохион байгуулдаггүй. U18, U23 насны залуусыг хөгжүүлэх олон тэмцээн болдог. Залуу үеэ сайхан бэлдэж байгаа болохоор мундаг тамирчид гарч ирж байна. Манай багт Ананд байгаа. Залуучууд маань энэ жил дэлхийд өөрсдийгөө сайн таниуллаа.

Цаашид ЗхЗ-ын Монголын сагсан бөмбөгийн ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа.

Зураг