2019/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.66₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-15°
01:00
S31
-22°
02:00
S31
-19°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-19°
07:00
S31
-19°
08:00
S31
-19°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°
11:00
S32
-14°
12:00
S32
-12°

Н.Сувд: Театрын барилгыг шинэчлэх талаар нэг жарны турш ярьсны эцэст шийдэгдэх нь гэж баярлаж байлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоох саналаа Сангийн сайдад хүргүүлэх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэний дагуу соёл урлагийн дээрх байгууллагуудын удирдлага, уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон соёл урлагийн байгууллагуудын барилгуудыг шинэчлэх түүхэн шийдвэрээ ийнхүү цуцлах гэж байгаагаа Ё.Баатарбилэг сайдыг эргэн харж, олон жил хүлээгдсэн уг шинэчлэлээ үргэлжлүүлэх хүсэлтээ уран бүтээлчид “Соёлын шинэчлэлийг дэмжье” хурлынхаа үеэр уламжлаад бодит байдал, зовлонгоо ярьсан юм. Барилгуудын бодит нөхцөл байдлыг таниулах үүднээс тус гурван байгууллага долоо хоногийн турш 10.00-12.00, 14.00-16.00 цагт иргэдэд нээлттэй байхаар болжээ.  

“Гамшиг, эрсдлийн үнэлгээгээр ОСЛЫН БАЙДАЛТАЙ гэж дүгнэсэн”

 
Гэрэл зургийг MPA.mn

Модон каркас бүхий эдгээр гурван тоосгон байшин 70 жилийн нүүр үзэх гэж байгаа ч нэг ч удаа их засвар хийгээгүй, цахилгаан, сантехник, шугам сүлжээ анх баригдсан чигээрээ байгаа тул гамшгийн үнэлгээгээр “Ослын байдалтай” хэмээн дүгнэсэн талаар Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо ярилаа. “Манай байшингууд хэзээ мөдгүй нурах, хүн эрсдэх аюултай. Бид аль болох энэ бүхнийг тэвчиж, урсгал засвар хийж, өөрсдийн хэмжээгээр ажиллаж, бороо орохоор архив дотроо усны гутлаа өмсөөд шалны алчуураа бариад ажилладаг. 

Энэ дүгнэлт олон удаагийн судалгаагаар гарсан. Гэтэл соёлын өвд халдаж байна гэсэн олон нийтийн эсэргүүцлээс болж төсөл зогсохоор болж байгаа харамсаж байна. Олон нийт гаднаас хараад дүгнээд байх шиг байна. Тэр бол зөвхөн нүүрэн дээрээ наасан будаг” хэмээн ярилаа. 

Н.Сувд: Бүх тоосго хөгцөрч ялзарсан, суурь нь цав гараад энэ байшин тогтох үндэсгүй болсон байна гэсэн

 
Гэрэл зургийг MPA.mn

Нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр ирсэн уран бүтээлчдийн нэг нь Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд байв. Тэрбээр “1963 онд Драмын театр энэ байранд нүүж ирсний дараа л энэ тайзан дээр ажиллаж болохгүй байна гэж яригдаж байсныг би сонсож эхэлсэн. Ярьж эхлээд нэг жарны турш ярьсны эцэст анх удаа шийдлээ оллоо гээд маш их баяртай байсан. 

Бид театрын барилгаа яаж шинэчлэх талаар хамгийн сүүлд 10-аад жилийн өмнө Германы мэргэжлийн хүмүүсийг урьж, акт тогтоолгоход “Бүх тоосго хөгцөрч ялзарсан, суурь нь цав гараад энэ байшин тогтох үндэсгүй болсон байна. Засахад олон тэрбум төгрөг хэрэгтэй” гэсэн дүгнэлт гарсан. 

Зун үзвэрийн үеэр бороо ороход үзэгчдийн дээрээс ус гоождог. Байшин шиг байшин байлгахын төлөө бид ямар их мөнгө зарж байна вэ. Хүмүүс будаад л ажиллаж байхгүй юу гэж байна. Байшин нурвал тэнд сууж буй үзэгчид, ажиллаж буй уран бүтээлчид бидний амь нас тийм үнэгүй байх нь. Энд өв уламжлалаа устгая гэсэн сэтгэлтэй нэг ч уран бүтээлч байхгүй. Тиймээс сайд шийдвэрээ эргэн харж, энэ төлөвлөлт хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээн ярилаа. 

“УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сан соёлын өвд бүртгэлгүй”

 
Гэрэл зургийг MPA.mn

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат эдгээр гурван байгууллага нь одоогийн байдлаар Монгол Улсын соёлын өвд бүртгэлгүй гэдгийг тайлбарласан юм. “Биет эд өлгийн зүйлсийг соёлын өвд хамаатуулахын тулд хамрагдаж болох эд өлгийн зүйлийг барилга байшингийн үзлэг, тооллого хийдэг бөгөөд энэ тооллогыг Монгол Улс 2015 онд анх удаа хийсэн. Хамаатуулж болох анхан шатны үзлэгт эдгээр барилга орсон байдаг. 

Соёлын өв болох зүйлсийг тусгай мэргэжлийн шинжээч баг ажиллаж байж соёлын өвд хамаатуулдаг бөгөөд үүний дараа тухайн дурсгалыг өнөөдрийн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу улс болон аймаг нийслэлийн эрх зүйн хамгаалалтад авдаг. Харин эдгээр гурван байгууллагын алийг нь ч улс, аймаг, сум, дүүргийн эрх зүйн хамгаалалтад аваагүй тул соёлын өвд бүртгэлгүй гэсэн үг” хэмээн тэрбээр хэллээ. 

2010 онд тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын 541 дүгээр тушаалаар батлагдсан Монгол Улсын түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл хэмээн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэнээр эрх зүйн хамгаалалтад ордог байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа аж. 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн захирал, зөвлөх инженер З.Биндэръяа, Монголын гамшгийн эрсдлийн мэргэшсэн үнэлээчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор н.Баяржаргал нар барилгуудын үнэлгээний талаар мэдээлсэн юм. Тухайлбал, 2015 онд УДЭТ-ын байранд үнэлгээ хийхэд тоосго, хана туурга, суурь, зуурмагаас эхлээд олон гол үзүүлэлтүүд одоогийн стандартыг хангахгүй, аюултай хэмжээнд байсныг хэллээ. Мөн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд эдгээр барилга ямар нэгэн гамшиг болоход олон хүн эрсдэх аюултай гэдгийг дурдав. 

x