Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Жирэмсэн эмэгтэйчүүдийг Ерөнхийлөгч нарын эзэмшлийн зочид буудалд байлгаж болох уу

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш буюу аравдугаар сарын 11-ний Баасан гарагийн чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон тухай хэлсэн юм. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар Засгийн газарт асуулга тавиад байсан юм. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Жирэмсэн эмэгтэйчүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Баянгол, Улаанбаатар, Шангри-Ла гээд олон зочид буудал Ерөнхийлөгч нарт байгаа. Авахдаа ямар зөвөөр авсан биш. Баянгол, Улаанбаатар зочид буудлыг олон нийтийн болгож, яаралтай арга хэмжээ авч ажилламаар байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сайжруулсан шахмал түлж хэрэглээнд нэвтрүүлснээр асуудал гарч байна. Үүнтэй холбоотой асуудлыг бид өнгөрсөн хавраас хөөцөлдөж байсан. 

Маргаашийн асуулгыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг дээр холбогдох байгууллагууд бэлдэх шаардлагатай байх. Мөн Засгийн газраас асуулганы хариултыг яаралтай бэлдэж, маргаашийн чуулганаар асуулгад хариулах боломийг бүрдүүлж өгнө үү. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Миний бие УИХ-ын хаалттай хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын гишүүдээ сонсоё гэдэг саналыг 2-3 удаа гаргаж байсан. Хаалттай хуралдаанаар бидний өмнө тулгараад байгаа хүнд асудулуудаа яръя. Тусгаар тогтнол, хоёр хөршийгн бодлого, шашин шүтлэг, хар тамхи гээд маш олон асуудал байна. Хүмүүс хар тамхины улмаас, байшин дээрээс үсэрч, аваар ослоор үхдэг байсан бол сүүлдээ баавгайд бариулж үхдэг болж байна. Утааны улмаас бөөн бөөнөөрөө айхтар үхэл зовлонтой учирч байна. Энэ асуудлыг зүгээр нэг гишүүний асуултад хариулах маягаар өнгөрөөж болохгүй байх. 

Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргаснаар УИХ-ын даргын зөвлөлийн хурлаас баталсан жагсаалтын дагуу хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж эхэллээ.  



Аравдугаар сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 

  • Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх/;
  • Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод  Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх/;
  • Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх/;
  • Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II  төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газраас 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2019.07.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
  • Бусад;