Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашян хүүхдүүдээ өвөг дээдсийнхээ нутагт загалмайлуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Америкийн реалити шоуны од Ким Кардашян энэ долоо хоногт өвөг дээдсийнхээ нутаг болох Армени улсад зочилжээ.

Тэрээр өөрийн хүүхдүүд болон эгч Кортни нарынхаа хамт Армений нийслэл Ереванд ирсэн байна. 

Энэ үеэр Кардашян бага гурван хүүхдээ Армений үнэн алдартны шашны хамгийн том сүмд загалмайлуулжээ. Том хүүхдээ тэр 2015 онд Иерусалемын армени сүмд загалмайлуулж байсан юм.

Ким Кардашяны өвөг дээдэс 19 дүгээр зуунд Армениас АНУ-д цагаачилж ирсэн түүхтэй. Шоу бизнесийн од бүсгүй сүүлийн жилүүдэд угсаа гарлаа сонирхон судалж, анхаарал тавьдаг болоод байгаа.

Арменид ирэхдээ Кардашян тус улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч нарт бараалхаж, Ереванд болсон бизнесийн чуулганд оролцжээ. Энэ үеэрээ тэр өөрийн дотуур хувцасны брэндийн үйлдвэрлэлийг Арменид явуулах боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна.

Мягмар гарагт Кардашян эгч, хүүхдүүдийнхээ хамт 1915 онд Оттоманы эзэнт гүрний үйлдсэн геноцидийн хохирогч армени хүмүүсийн дурсгалын цогцолборт цэцэг өргөжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty