Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд дэлхийд анх удаа давхар бүтэцтэй алмаз эрдэнэ илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн өмчийн оролцоотой Алроса компани Якут дахь уурхайгаасаа нэгэн өвөрмөц бүтэцтэй алмаз эрдэнэ илрүүлжээ.

Энэ нь алмаз дотор алмаз байрласан буюу давхар бүтэцтэй эрдэнийн чулуу юм. Өвөрмөц бүтэц нь “Матрёшка” хүүхэлдэйг санадуулам уг эрдэнийн чулууг 800 гаруй сая жилийн настай гэж тодорхойлжээ.

4.8 х 4.9 х 2.8 мм хэмжээтэй 0.62 каратын алмаз эрдэнийн дотрох 6 шоо миллиметр багтаамжтай хөндийд 1.9 х 2.1 х 0.6 мм хэмжээтэй 0.02 каратын бас нэг алмаз хадгалагдаж байгаа юм.

Дотрох үнэт чулуу нь яг л өндгөн шоколадны дотрох тоглоом шиг чөлөөтэй хөдөлж байгаа ажээ.

 

“Хоёр алмазны дундах агаар яаж бүрэлдсэн нь хамгийн их сонирхол татаж байна. Энэ бол байгалийн давтагдашгүй бүтээл. Байгаль дэлхий хоосон зайд дургүй, эрдэс материал дотор хоосон хөндий үүслээ гэхэд өөр төрлийн бодисоор заавал дүүрсэн байдаг” гэж Алроса компанийн судалгаа хариуцсан дэд захирал Олег Ковальчук ярьсан байна.

Алроса компани “Матрёшка”-г давхар бүтэцтэй алмаз эрдэнэ илрүүлсэн дэлхийн анхны тохиолдол гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider