Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Японы бизнесмэн $830,000-ын үнэтэй бугуйн цагаа Парист дээрэмдүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Японы нэгэн бизнесмэн $830,000-ын үнэтэй бугуйн цагаа Парис хотын төвд дээрэмдүүлсэн тухай Францын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Хохирогч Даваа гарагийн орой Элисейн өргөн чөлөөнд орших таван одтой Наполеон зочид буудлаас тамхилахаар гарсан байна. Гэтэл түүн рүү нэг хүн ойртож ирээд гал асуужээ. Японы иргэн гал өгөхөөр гараа сунгах үед дээрэмчин бугуйн цагийг нь салгаж аваад зугтсан байна.

Алдагдсан эд нь Швейцар урчуудын бүтээл болох Richard Mille Tourbillion Twister хэмээх үнэт чулуун шигтгээтэй цаг байжээ.

Түүний үнэ $830,000 хүрдэг бөгөөд хэт өндөр үнэтэй эдлэл алдагдсан тул хэргийг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанд шилжүүлжээ.

Парис хотод сүүлийн үед үнэтэй тансаг цагны хулгай газар аваад байгаа.

Энэ оны эхний найман сарын байдлаар нийт 71 цаг алдагджээ. Долдугаар сард нэг өдөрт дөрвөн цаг хулгайлагдсан хэрэг гарсан байна. Тэдгээрийн үнэлгээ нийлээд 190,000 евро болжээ.

Хулгайн цагнууд хар зах дээр үндсэн үнийнхээ 30-50 хувиар зарагддаг байна. Парис хотод зөвхөн бугуйн цагаар мэргэшсэн хулгайч, дээрэмчид бий болоод байгааг эх сурвалж мэдээлжээ.

Тэд хүний бугуйнаас цагийг нь булаах янз бүрийн арга техник боловсруулсан байдаг гэнэ.

 

Эх сурвалж: BBC