Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж эдийн засаг нь хамгийн их агших орнууд

Б.Бөртэ-Үжин, IKON.MN
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум

Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх болно. 

Кэмбриджийн их сургуулийн судлаачдын тооцоолсноор дулаарлын эрчийг сааруулж чадахгүй бол энэ зууны сүүлч гэхэд дэлхийн нийт Дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ий 7% нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор салхинд хийсэх аж. Уур амьсгалын өөрчлөлт таамаглаж байснаас хурдацтай явагдаж, нөлөөлөл улам хүчтэй болж буйг НҮБ сануулж буй. 

Тус байгууллагын мэдээлж байгаагаар далайн усны түвшин аюултай хэмжээнд хүрч нэмэгдсэнээр эрэг дагуух газрууд байнгын үер усны эрсдэлд орж буй бол нийт мөсөн гадаргуугийн талбай багасаж байгаа нь ойр орчиндоо мөн л сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ бүхнээс шалтгаалан зарим улс орнууд эдийн засгийн сорилттой нүүр тулж буйг Кэмбрижийн их сургууль судалгаандаа дурджээ.

Тэдгээр орнуудын талаар доор мэдээлэв.

1. Канад 

Канад улсад бусад орныг бодвол хоёр дахин хурдтай дулаарч байгаа учраас нутгийн хойд хэсэг болон далайн эрэг дагуух оршин суугчдын эрүүл мэнд төдийгүй улсын дэд бүтэц, экосистем, загасны аж ахуйд нь эрсдэл учирч байгааг судалгааг хамтран хийсэн эдийн засагч, доктор Камиар Мохаддес мэдээлсэн. 

Хэрэв дэлхийн дулаарал энэ хэвээр үргэлжилбэл Канад улс 2100 он гэхэд орлогынхоо 13%-ийг алдах аж. Усан онгоцны шинэ замууд нээгдсэнээр мөс хайлах явцыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шатахуун, элдэв төрлийн хиймийн бодис далайн усанд асгарах эрсдэл өсөж байгаа нь Хойд туйлтай ойролцоо суурьшин, ан агнуур, загасчлалаар амьдралаа залгуулдаг эскимосчуудын хувьд илүү сөрөг нөлөө үзүүлэхээр байна. 

2. Швейцар 

Швейцар улс мөн л хурдацтай дулаарч буй орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эдийн засаг нь 12%-аар агших тооцоо гарсан нь ийнхүү Канад улсын араас бичигдэх шалтгаан болжээ. 

Аялал жуулчлалын салбар Швейцарын эдийн засгийн чухал хэсэг бөгөөд 2015 онд л гэхэд нийт ажлын байрны 4.1, ДНБ-ий 2.6%-ийг тус салбар бүрдүүлж байж. Харин агаарын температурын өсөлт тус улсын цасны жилийн дундаж хэмжээг 50% бууруулах эрсдэлтэй байна.  

3. АНУ 

Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын хувьд цаг агаарын таагүй нөхцөл Америкийн Нэгдсэн Улсын бүх хэсэгт хохирол учруулж болохыг Кэмбриджийн судлаачид анхааруулж байна. Судалгааны багийнхан АНУ-ын 48 муж дахь үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиглэнгийн болон бөөний худалдаа зэрэг 10 салбарыг судлах явцдаа 48 муж бүр халалт, үер, ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд өртсөнийг тогтоосон байдаг. 

4. Энэтхэг

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эдийн засагт гарах үр дагаврын тухай Мүүди корпорацын гаргасан тайланд дурдсанаар хэт халалтаас болж Энэтхэг улсын газар тариалангийн салбарын өгөөж буурч, улмаас хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хор учруулж болзошгүй байна. 

Энэтхэгт бага орлоготой хүмүүсийн олонх нь нөөц бололцоондоо тулгуурлан амжиргаагаа залгуулдаг. Гэвч 2020 он гэхэд тус улсыг ус, агаар, хөрс, ой модны хомсдлоороо дэлхийд дээгүүрт жагсана хэмээн үзэж байгаа бөгөөд Энэтхэгийн эдийн засаг 10%-аар буурна хэмээн судалгаанд өгүүлжээ. 

Энэ зууны эцэс гэхэд дэлхийн агаарын дундаж температур 4.0 хэмээр нэмэгдэнэ хэмээн тооцож буй. Харин дээрх таамаг бол дэлхийн дулаарал энэ хэвээр үргэлжилсэн тохиолдолд үүсэж болох үр дүн.

Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлахыг зорьж буй уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг бүх улс орон дагаж мөрдвөл ирээдүйд үүсэх байгаль орчны болоод эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлж чадна хэмээн үзэж байгаа юм. 

 

Эх сурвалж: World economic forum