Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ариунаа: "Тэнгэр шиг бай" шүлэг олон хүний зүрх сэтгэлийг асаасан дуу болоосой

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
 

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа арваннэгдүгээр сарын 8-нд “Буянт ухаа” цогцолборт болох “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.   

16 насандаа урлагийн босгыг давснаас хойш 37 дахь намартайгаа золгож буй уран бүтээлч маань ийнхүү арван жилийн дараа дахин бие даасан тоглолтоо хийх гэж буй нь энэ юм.

Мөн түүний хувьд “Тэнгэр шиг бай” тоглолт нь 15 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт болж буйгаараа онцлогтой. 

 Арван жилийг үдсэн энэ хугацаа миний хувьд дэндүү хол байлаа
 

МУГЖ, дуучин Т.Ариунаа “Өнөөдөр та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Арван жилийг үдсэн энэ хугацаа миний хувьд дэндүү хол байлаа. Бүх юм өөрийн тэнгэрийн цаг хугацаатай, тогтоогдсон мөчтэй байдаг гэж би боддог.

Үхэх хийгээд төрөх цаг хугацаа, тариалах хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа гээд бүх зүйл өөрийн цаг хугацаатай.

“Тэнгэр шиг бай” тоглолтыг хийхийн тулд би нэлээд эрэл хайгуулд гарсан. Хүмүүс амьдралын сайн сайхан, гэрэл гэгээг үргэлж хайж байдаг ба гадаад ертөнц рүүгээ чиглэсэн, дотоод ертөнц рүүгээ чиглэсэн хоёр эрэл хайгуултай байдаг.

Миний хувьд энэ он жилүүд дотоод руугаа чиглэсэн, тэр бүгдийг ялж гарах, өөрийгөө өөртөө нээх, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм.

Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны хүүдээ зориулж бичсэн “Тэнгэр шиг бай” шүлэг 1990-ээд оны үед алдаршсан байдаг.

Тэр үед хүүд нь энэ шүлгийн мөр бүр хань нөмөр болсон бөгөөд өдгөө монгол түмэнд ухаарал хайрласан шүлэг болж, бидний зүрх сэтгэл мөнхлөгдөн үлджээ.

Миний хувьд амьдралын туулах ёстой үе эхэлж байх үед “Тэнгэр шиг бай” шүлгийг нэгэн бүсгүй уншихыг сонсоод яагаад дуу болгож болохгүй гэж дүү Баттөгсдөө хэлсэн. Тэгээд 2011 онд олон хөгжмийн зохиолчидтой уулзалт хийсэн. Ингээд нэрт хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярт шүлгийг дуу болгох саналыг өгч, захиалсан байдаг. Энэ шүлэг олон хүний зүрх сэтгэлийг асаасан дуу болоосой гэдэг дээр илүү ач холбогдол өгсөн. Гэтэл одоо “Тэнгэр шиг бай” цомог маань тоглолт болох гэж байгаад баяртай байна. Тоглолтын шинэ баг хамт олондоо болон үеийн үед хамт байсан та бүгддээ баярлалаа" гэв. 

Дуучин Т.Ариунаагийн 37 дахь жилийн тайлан болохуйц энэхүү тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэж буйг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

  1. 1990-ээд оны үеийн шилдэг дуунуудыг залуу уран бүтээлчидтай хамтарч хүргэх
  2. Ариунаагийн шилдгийн шилдэг хит дуунууд дуулагдана
  3. Сүүлийн үеийн хит дуунууд
АРИУНАА ЭГЧ СУДАЛГАА, ҮНДЭСЛЭЛТЭЙ БРЭНДИНГ БИЙ БОЛГОж байгаа Монголын анхны УРАН БҮТЭЭЛЧ БОЛЖ БАЙНА
 

Brainstorm Branding Agency-ийн үүсгэн байгуулагч Б.Одбаяр Энэ тоглолтын нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Ариунаа эгч бидэнтэй анх холбогдоод тоглолт хийх гэж байгаа, брэндинг хийлгэх хүсэлтэй байна гэсэн. Олон улсын томоохон дуучид өөрсдийн брэндингийг бий болгосон байдаг. Ариунаа эгч судалгаа, үндэслэлтэй брэндинг бий болгож байгаа Монголын анхны уран бүтээлч болж байна.

Нэмж дуулгахад "Тэнгэр шиг бай" тоглолтын Ерөнхий найруулагчаар “Скин” энтертайментийн захирал, найруулагч Б.Анар ажиллаж байгаа бөгөөд тоглолт гурван цаг үргэлжлэх юм байна.  

 
Тоглолтын тасалбар Ticket.mn дээр худалдаалагдаж байна.