Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Санчир гараг нарны аймгийн хамгийн олон дагуултай гараг боллоо

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дагуулын тоогоор Санчир гараг Бархасбадийг гүйцэж, нарнын аймгийн хамгийн олон сартай гараг болсныг АНУ-ын эрдэмтэд өчигдөр зарлажээ.

Эрдэмтэд Санчирын 20 шинэ сарыг нээснээр нийт дагуулын тоо нь 82 хүрсэн байна. Харьцуулбал Бархасбадь гараг 79 дагуултай юм.

Шинэ сарнуудыг Хавайд байрладаг Субару телескопоор илрүүлжээ. Санчир гарагийн шинэ сарнууд нь 5 км орчим диаметртэй, 17 нь гарагаа эсрэг чиглэлд тойрч эргэдэг гэнэ.

Харин үлдсэн гурван сар нь Санчир гарагийн эргэлтийн дагуу чиглэлд тойрч эргэдэг байна.

Энэ гурван сарны хоёр нь Санчир гарагаа бүтэн тойрохын тулд бараг хоёр жилийн хугацаа зарцуулдаг бол үлдсэн нэг нь гурван жилийг зарцуулдаг ажээ. 

“Эдгээр сарнуудын тойрог замыг судалснаар тэдний үүсэл гарал, Санчир гарагийг үүсэх үеийн нөхцөл байдлын талаар мэдэх боломжтой” гэж Вашингтон дахь Карнегийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн доктор Скотт Шеппард ярьсан байна.

Түүний хэлж байгаагаар Санчир гараг илүү олон дагуултайг эрдэмтэд бүр 1990-ээд оноос мэдэж байжээ. 

Гэвч яг ямар тойрог замаар гарагаа тойрч эргэдэг талаар нарийн мэдээлэл боловсруулж чаддаггүй байсан гэнэ. Сүүлд эрдэмтэд 2004-2007 оны хооронд Субару телескопын цуглуулсан мэдээлэл дээр компьютерын шинэ алгоритм нэвтрүүлснээр сарнуудын байрлал, хэмжээг тодорхой болгож чаджээ.

Одоо нээлтийг хийсэн эрдэмтэд Санчир гарагийн шинэ сарнуудад нэр өгөх уралдааныг олон нийтийн дунд зарлаад байна. 

 

Эх сурвалж: BBC