Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерланд улс Голланд нэрийг хэрэглэхээ зогсоох шийдвэр гаргалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нидерландын засгийн газар тус улсыг Голланд гэж нэрлэх явдлыг бүр мөсөн зогсоож, Нидерланд нэрийг дангаар хэрэглэх шийдвэр гаргажээ.

Шийдвэрийг энэ оны сүүлээс эхлэн бүх салбарт хэрэгжүүлж эхлэх бөгөөд ирэх оны тавдугаар сард Роттердам хотод болох Евро Вижн хөгжмийн наадам, 2020 оны Токиогийн зуны олимп зэрэг олон улсын арга хэмжээнүүдийн үеэр Нидерланд нэрийг албан ёсны нэрээ болгож хэрэглэх гэнэ.

Тухайлбал олон улсад Голландын баг гэж алдаршсан тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг цаашдаа Нидерландын баг гэж албан ёсоор нэрлэгдэх ажээ.

Голланд нэрнээс салснаар улс орон нь илүү нээлттэй, орчин үеийн гэсэн брэнд имижтэй болно гэж тооцоолж байгаагаа тус улсын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Нидерланд улсын баруун эрэгт Умард ба Өмнөд Голланд гэсэн хоёр муж байдаг. 10-аас 16 дугаар зууны үед Голланд нь хүчирхэг, нэгдмэл вант улс болж байжээ.

Уг газар нутаг 17 дугаар зуунд оршиж байсан бүгд найрамдах улсын ихэнх хэсгийг бүрдүүлж байв. Харин 1815 онд Наполеон Уатерлогийн тулаанд ялагдсаны дараа Нидерландын вант улс шинээр бий болжээ.

Нидерланд нь Neder-landen буюу нам дор газар нутаг гэсэн утгатай үг.

Энэ оны эхээр Нидерландын аялал жуулчлалын зөвлөл улсынхаа зөвхөн нэг хэсэг болдог Голландыг гадаад ертөнцөд сурталчлахын оронд Нидерланд улсыг бүхэлд нь таниулах зорилт тавьснаа зарлаж байв.

Тус байгууллагын вэбсайт holland.com гэсэн хаягтай.

Өнөөдөр энэ улсад жил бүр 18 сая жуулчин ирдэг бол 2030 онд 42 сая жуулчин хүлээж авдаг болох зорилт тавьсан байна. Энэ зорилгын хүрээнд ийнхүү улс орныхоо брэндийг шинэчлэх ажил эхлүүлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian