2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
03:00
S26
-11°
04:00
S26
-12°
05:00
S26
-14°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S20
-16°
09:00
S26
-17°
10:00
S26
-17°
11:00
S26
-17°
12:00
S26
-16°
13:00
S26
-16°
14:00
S30
-14°

Д.Цахилгаан: Шинэ Хятадыг шинээр харах хэрэгтэй

Б.Намуунтамир, Зууны мэдээ
2019 оны 10 сарын 2
Зууны мэдээ

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаантай ярилцлаа.

-Та 1994-2001 онд Монгол Улсаас БНХАУ-д хамгийн олон жил Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Хоёр улсын 70 жилийн өмнөх дипломат харилцаа эхэлсэн түүхийг ярьж өгөөч?

-БНХАУ-ын 70 жилийн ойн баяр тохиож байна. Хятадын Гадаад харилцааны яамны урилгаар Хятадад зочлоод уржигдар ирлээ. Энэ улсын хөгжиж буй олон сайхан газраар яваад сэтгэгдэл өндөр ирсэн. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 70 жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ 70 жилд манай хоёр улс өөр өөрсдийн замаар харилцаж ирсэн түүхэн түүхэн замналтай. Хоёр улсын Засгийн газар Элчин сайдын яамаа байгуулж, анхны элчин сайд нараа томилж, 1949 оны аравдугаар сарын 16-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон.

Улмаар төр засгийн өндөр хэмжээний айлчлалууд болж, худалдаа наймааны гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж эхэлсэн. 1950-аад оны үед хоёр орны харилцаа маш эрчимтэй сайжирсан.

Эдийн засгийн гэрээ 1952 онд байгуулагдаад түүний дагуу одоо ч манай хотод өнгө нэмж байгаа маш олон барилга байшингууд баригдсан. Тухайлбал, Энхтайваны гүүр, Их дэлгүүр, Цэнгэлдэх хүрээлэн гэх мэт олон барилга одоо ч ашиглагдсаар байгаа.

1958, 1960 онд эдийн засгийн гэрээгээ хоёр жилийн хугацаатай сунгаад, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлүүдийг олгож байсан юм. Эрчимтэй эхэлсэн энэ харилцаа тийм ч шулуун дардан байгаагүй. Сургамжтай 20 гаруй жилийг бид өнгөрөөсөн байдаг.

-Сургамжтай 20 гаруй жил гэдгийг та тодруулж ярихгүй юу?

-Хоёр улс дипломат харилцаагаа таслаагүй ч бодит харилцаа бараг үгүй болсон энэ он жилүүд нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, олон улсын харилцааны эгзэгтэй үе буюу хуучин нэрээр ЗХУ, Хятад улс хоёрын харилцаа муудсан үе байлаа. ЗХУ-ыг эдийн засаг, улс төр гээд бүх салбарт түшиж байсан манай улсын хувьд аяндаа Хятад улсаас хөндийрөхөөс аргагүй болсон.

Дээр хэлсэнчлэн дипломат харилцаагаа таслаагүй ч худалдаа харилцаа, зам тээвэр, соёл урлаг, хүмүүнлэг гээд бүх салбарт харилцахаа больсон юм. Жишээ хэлэхэд Вьетнам руу явахад хүртэл Москвагаар дайрдаг байлаа.

Хятад улс руу төмөр зам, агаарын тээвэр аль нь ч хийгдэхээ больсон байсан. Нөгөө талаар БНХАУ-ын өөрийн дотоодын тогтворгүй байдал ч нөлөөлсөн. ЗХУ-ын цэрэг манай хил дээр байрших хүртлээ муудсан цаг үе бий. Гэлээ ч гэсэн бид дипломат харилцаагаа таслаагүй. Элчин сайдын яамаа хадгалж үлдэж чадсан.

Бид хоёр хөрштэйгөө ямар ч цаг үед мөнхийн хөршийн найрсаг харилцаагаа хэвээр хадгалах ёстойг сануулсан он жилүүд байсан учир би үүнийг сургамж гэж нэрлээд байгаа юм.

-Хоёр улсын харилцаа хэдэн онд сэргэж эхэлсэн бэ?

-Улмаар 1980-аад оноос харилцаагаа төвшитгөх алхмуудыг хоёр талаасаа эрчимтэй хийсэн. 1988 он гэхэд дипломат харилцаа идэвхжиж, харилцан ажилласан. 1990-ээд онд Хятадын ерөнхийлөгч манайд айлчлаад, манай тэргүүнүүд ч Хятадад айлчлаад 1994 онд харилцааны шинэ үе эхэлсэн юм. Шинэ үе гэдэг нь 1994 онд Хятадын ерөнхийлөгч Монгол улсад айлчлал хийхдээ найрсаг харилцааны тулгуур болсон гэрээ байгуулсан.

Одоо ч тэрхүү гэрээнээс салбарласан гэрээнүүд зөндөө хийгдэж байгаа юм. Би яг тэр гэрээг хэрэгжүүлэх ажилд томилогдсон анхны элчин сайд гэдэгтээ баярлаж явдаг юм. Соёл, хүмүүнлэг, урлаг, спорт, боловсрол гээд бүх салбарт чиглэсэн байсан.

Сая Хятадад зочлоод ирэхэд Бээжинд манай улсаас 11 мянган оюутан суралцаж байна. Энэ бол бахархууштай зүйл. 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-д айлчилж, 1999 онд БНХАУ-ын ерөнхийлөгч манайд айлчилж, энэ хоёр хүний айлчлалаар хоёр улсын харилцаагаа XXI зууны хэмжээнд хүргэхээр хөгжүүлье гэсэн улс төрийн мэдэгдэл хийж байсан.

Шинэ зууны эхэн үеэс хоёр орны харилцаа улам өргөжөөд найрсаг харилцаа гэгдэж байсан нь сайн хөршийн найрсаг харилцаа болсон. Стратегийн түншлэл нь хоёр орны хооронд байж болох хамгийн дээд хэмжээнд хүрсэн.

-Манай улс нийт бараа бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг урд хөршөөс авч байна. Уул уурхай, эдийн засгийн салбарт хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн буюу 70 жилийн дараах БНХАУ болон Монголын харилцааг ямар төвшинд байна гэж та харж байна вэ?

-Хамгийн гол нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрнэ гэдэг нь тал тал тийшээгээ өргөжин, чанаржих ёстой байдаг. Чухамдаа чанаржуулахад аль аль талдаа хийх зүйл бас зөндөө байна. Харилцаа гэдэг нь аль аль талын ашиг сонирхол дээр тулгуурладаг учраас дээрх салбаруудад түлхүү хөгжсөн гэж хэлж болно. Хятадын дипломатуудын хэлэх дуртай үг нь “Хамтаараа хөгжье” гэсэн уриатай. Энэ нь их зөв юм л даа.

Хятад улсын хөгжлийн төвшин, нэр хүнд, олон улсын бодлогод нөлөөлж буй нь хүртэл манайд ашигтай. Бид үүнтэй зэрэгцэж урагшлах хэрэгтэй. Бид хоёр их гүрний дунд байгаа учир эрчимтэй хөгжиж байна гэж хэлж болно.

Гурав дахь хөрш гэж нэрлэгдэж болохоор улсуудын бидэнд хандаж байгаа хандлага сайнаар эргэж байгаа. Миний хувьд Хятад, Монголын харилцааг өөдрөгөөр харж байна. Яагаад гэвэл төр засгийн ойлголцол, итгэлцэл өндөр төвшинд хүрсэн гэж бодож байна. Ойлголцол итгэлцэл өндөр төвшинд хүрнэ гэдэг нь хамтын ажиллагааны аль ч салбарт шинэ шинэ боломжуудыг нээж өгч байгаа хэрэг юм.

-Төрийн өндөр төвшний гэрээ хэлэлцээр, санамж бичиг байгуулаад өндөр төвшинд явж байна хэмээн та хэллээ. Гэхдээ монголчууд хятад хүмүүс гэхээр харилцааны хувьд өөр хандлага гаргах гээд байдаг нь хэвээрээ байгаа. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би Хятадад найм гаруй жил байхдаа маш олон мужуудаар нь явж үзсэн. Найман жилийн өмнөх болон одоогийн мужийн иргэдийн ойлголт их өөр болсон байна. Биднийг их сайн хөрш гэж үнэлж, үзэж байна. Энэ нь их том ахиц юм л даа.

Хуучин мужийн хүмүүс гэдэг чинь хөдөөний хүмүүс шүү дээ. Монгол Улсыг огт мэддэггүй байлаа. Одоо бол хүмүүс нь хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар, улс төрийн тогтолцоо, системийг маань сонирхож эхэлсэн нь чухал байгаа юм. Хятадад валютын ханш харьцангуй тогтвортой байгаа нь манайд их нөмөртэй асуудал юм л даа. АНУ, БНХАУ гэсэн хоёр улсын хооронд эдийн засгийн дайн болж байна.

Дэлхийн хоёр том гүрэн хэдэн зуун тэрбумаар яригдах барааны эргэлтэн дээр хязгаар тогтоож, татвар нэмэх бодлого явуулж байгаагаас хамаарч юанийн ханш хэлбэлзэх вий гэж би бас боддог юм. Гэхдээ манайхан Хятадыг их буруугаар ойлгож, боддог.

Шинэ хятадыг шинээр нээж харах хэрэгтэй, шинэ бололцоог нь харах хэрэгтэй, эдийн засгийнхаа бололцоог өөрсдөө нээж өгч, хамтарч ажиллах шаардлагатай байна. Хоёр том гүрний дунд байдаг ч бусад орнуудтай харилцаж байгаа харилцаатайгаа уялдуулан бодох хэрэгтэй.

x