Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Олон хүнийг хохироох аюултай шатахууны хадгалалт ба орон нутгийнхны замбараагүй хэрэглээ

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хөдөө орон нутгийн иргэд морин дээр мордох нь ховордож, мотоциклоор давхих нь олширчээ.

Тээврийн Цагдаагийн албаны статистикт өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нийт 55,926 мотоцикл бүртгэгдсэн байна. Эдгээр мотоциклийн 13.6% нь нийслэлд, үлдсэн 86.4 хувийг хөдөө орон нутагт ашиглаж буй.

Морийг мотоцикл орлох болсон өнөө цагийн энэ хэрэглээг дагаад хөдөө орон нутагт бензин шатахууны хэрэглээ өссөн нь ойлгомжтой. Гэхдээ малчид бензинээ дуусах бүрт түгээгүүрийн газар очиж банкаа дүүргэхийн оронд нэг авахдаа нэлээдийг нөөцлөх болсонтой холбоотой шатахуун нөөцлөлт, хадгалалтын асуудал энд хөндөгдөж байна. “Манайх аймгийн төвөөсөө 100-аад километрийн цаана амьдардаг. Нэг явахдаа 25 литрийн канестрын савуудад шатахуунаа нөөцөлж авна. 25 литр бензин бараг 10 хонодог юм. Харин манай ээжийнх адуу мал ихтэй учраас 70 литр бензин ойролцоогоор гурав хоноод дуусдаг. Гэхдээ надад яг үнэндээ эрсдэлтэй санагддаг. Манайх бага насны хүүхдүүдтэй. Тэд маань шатахуун хийсэн савыг мэдэхгүйгээс эрсдэл гаргаж мэднэ. Уг нь зориулалтын төмөр сав байдаг л даа. Гэхдээ тэрийг чинь залуус тоохгүй. Шатахууныг ил задгай, савлан түгээхийг хориглосон л юм билээ. Угаас их осолтой шүү дээ” гэж Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин А.Д ярилаа.

Уул усандаа ойр, ургамал ногооны шимтэйд бэлчээр хайн нүүдэллэх нь малчдын амьдралын жишиг. Тиймээс ч аймгийн төвөөс алслагдсан малчин өрх хэрэглээгээ нөөцлөхөөс аргагүй. Гэхдээ эрүүл аюулгүй орчныг бий болгохын төлөө эрсдлийг тооцох нь зайлшгүй шаардлага. Шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын дүрэмд галын аюулгүй байдлын үүднээс бензинийг 20 хүртэл литрийн савалгаатай, зориулалтаар үйлдвэрлэгдсэн саванд түгээхийг зөвшөөрдөг. Түүнээс биш, таван литрийн усны сав, нэг литрийн ундааны саванд өгөхийг хориглодог. Энэ нь 20 литрийн канестр бариад ирнэ гэсэн ойлголт биш. Мөн савны бүрэн бүтэн байдал чухал тул хонхойсон, цоорсон, шүүрсэн сав байвал бас өгч болохгүй. Тухайн сав нь машин, мотоциклдоо суурилагдсан, бэхэлгээтэй байхыг бас шаардана” хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Т.Балжинням тайлбарласан юм.

Дүрэм журам дагаагүйгээс үүдсэн харамсалтай хэрэг орон нутагт гарсан байдаг. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ах, дүү хоёрын бие дээр бензин асгаж галдан шатаасан хэрэг 2017 оны долдугаар сард гарч байсан. Гэмт этгээд тэдэнтэй маргалдаж, улмаар таван литрийн савтай бензин цацаж шатаасан бөгөөд “мотоциклийн бензин дууссан” гэж хэлээд сумынхаа шатахуун түгээх станцаас бензин авсан тухай нутгийн иргэд нь хэлсэн байдаг. Хөдөө орон нутагт мотоциклийн хэрэглээ их болсон өнөө үед шатахууны зохистой түгээлт, зөв хэрэглээнд хяналт үгүйлэгдэх болсны нэг жишээ энэ.

“Хүмүүс шатахууныг задгайгаар авах гэж дайрна шүү дээ. Өгөх нэгэнд нь өгнө. Харин сагсуу, халамцуу залуучуудад өгөхгүй. Савлаж олгохдоо эрсдлээ бодно. Энэ хүн хаана очиж, юу ч хийгээ билээ, бид мэдэхгүй. Хүмүүс машиныхаа бензинийг хянах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энд тэнд бензин дууссан гээд гуйгаад ирдэг. Түүнээс нь болж бөөн хэрүүл дэгддэг. Ядаж л зориулалтын сав бариад ирвэл хийгээд л өгнө шүү дээ” гэж Налайх дүүргийн нэгэн ШТС-ын түгээгч С.Г /нэрээ нууцлахыг хүссэн болно/ ярьсан юм.

 

Бензиний ууршимтгай байдлыг нь хадгалдаг, дотроо шаланктай зориулалтын төмөр савыг “Нарантуул зах“ болон “Өгөөмөр зах”-д зарж борлуулдаг. Тодруулбал, “Нарантуул зах”-ын малчдын бараа бүтээгдэхүүний худалдаанд борлуулдаг 20 литрийн багтаамжтай төмөр сав нь 70 мянган төгрөгийн үнэтэй. Харин “Өгөөмөр”-т таван литрийн багтаамжтай савыг 20 мянга, 10 литрийнх 25 мянга гэх мэт багтаамжаасаа хамаараад янз янзын үнэтэй.

Бас нэгэн тохиолдлын талаар өгүүлбэл, Архангай аймгийн Өгийнуур суманд амарч байсан гэр бүлийн гишүүд хоол хийхдээ газан плиткан дээр савтай бензин байрлуулснаар гал алдсан осол энэ оны наймдугаар сард гарсан билээ. Үүний улмаас 5-73 насны 12 иргэн түлэгдэж, гурван настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг болсон. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилсан мэдээллээр амралтанд байсан иргэд цай чанахаар хүүхдүүдээ усанд явуулсан бөгөөд тэд амралтын газрын гаднаас шар канестртай шингэн зүйл байсныг нь авчихаж. Өөрөөр хэлбэл, гал түймрийн шалтгаан нөхцөл нь түрээслэгч иргэд бензинийг устай андуурснаас үүдэлтэй гэж мэдээлсэн байдаг.

Буу зэвсгээр нэг хүний амь насанд халдах эрсдэлтэй бол бензин шатахуунаас үүдэж цөөнгүй хүний амь амьдралыг үгүй хийх аюултай билээ.

Тиймээс ч бензиний энэхүү замбараагүй хэрэглээг зохицуулах шаардлагатай байгааг дээрх жишээнүүд харуулж байна.

Багануур дүүрэг дэх нэгэн ШТС-ын ажилтан Х.Тодсайхан “Би түгээгчээр ажиллаад 11 жил болж байна. Өмнө нь хүмүүс саванд шатахуун авахдаа “сав л бол сав” гээд канестр авчирдаг байсан. Гэхдээ сүүлийн үед иргэд шатахуун хийх төмөр савыг харьцангуй мэддэг болж байх шиг байна. Ер нь өдөрт дунджаар 10-20 хүн бензин авах гэж сав барьж ирдэг. Тэр дунд зориулалтын болон зориулалтын бус янз янзын савтай нь бий. Зориулалтын бус сав гэвэл ихэвчлэн 20 литрийн шар канестраар авъя гэдэг. Намрын энэ өдрүүдэд нүүдэл хийнэ, хадланд гарах гэсэн юм” гээд бензин савлаж авах гэж их үзнэ” хэмээн ярилаа.

Худгаас ус авч байгаа юм шиг канестраа бариад шатахуун түгээгүүрийн газар очдог энэ буруу жишгийг шийдвэрлэхийн тулд шатахуун тээвэрлэлт, хадгалалтын зохистой хэрэглээг дэмжих нь зүйн хэрэг. “Хөдөө ч бай, хотод ч бай шатахуунаар үйлчлэх цэгүүдэд адилхан дүрэм журам, стандарт үйлчилж байгаа. Усны канестр, ундааны сав зэрэгт шатахуун өгнө гэдэг ойлголт хаа ч байхгүй. Хэрэв ийм зүйл байгаа бол тогтоосон дүрэм журмыг зөрчиж буй хууль бус үйлдэл. Аюулгүй байдлын үүднээс шатахууныг зориулалтын бус саванд түгээхийг хориглочихоод байгаа юм. ШТС-ууд хүмүүст зориулалтын сав алга гээд авчирсан саванд нь өгч болохгүй. Энэ бол эрсдэлтэй. Ер нь аливаа үйл ажиллагаа, үйлчилгээг хүнд хүргэхийн тулд юуны өмнө мөнгө олохыг урьтал болгох нь буруу” хэмээн Т.Балжинням нэмж хэлсэн.

Хөдөө орон нутгийнхны хувьд мотоциклийн эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн оны байдлаар л гэхэд мотоциклийн импорт өмнөх оноосоо 20 гаруй хувиар өссөн талаар Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг дагаад машин, мотоциклийн бензин шатахууныг ашиглах тал дээр нарийн зохицуулалт шаардагдаж байна.

Бензин ууршимтгай бодис учраас усны хуванцар саванд хадгалбал зуны халуунд тэсэрч дэлбэрэх аюултай. Шатаж дэлбэрэхээ больё гэхэд битүү орчинд бэхэлгээ битүүмж нь алдагдсан, магадгүй задгай орхисон, дутуу хаасан, савны жийрэг муудсанаас ойр тойрныхоо хүмүүс, ялангуяа хүүхдүүдийг гүн хордлогод оруулах хор уршигтай. Зориулалтын бус саванд хадгалах нь санамсаргүй осол гэмтлийн шалтгаан болсоор байгаа нь ард иргэд ч анхаарал болгоомжоо сайжруулж, зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатайг илтгэж байна.