Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Мотоциклийн ослын улмаас 2019 оны эхний хоёр сард найман хүн нас баржээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Мотоциклийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ тээврийн хэрэгслээс шалтгаалсан осол, гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх болжээ. 

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2019 оны зөвхөн эхний хоёр сард БНХАУ-аас импортоор 3,676 ширхэг мотоцикл орж ирсэн байна. Харин 2018 оны хувь нийт 37,817 ширхэг мотоцикл оруулж иржээ. Энэ нь өмнөх оноосоо 21%-аар өссөн үзүүлэлт юм. Тухайн жилд 31,269 мотоцикл Монголд оруулж ирж байсан бол 2016 онд энэ тоо 20,001 байжээ. Өөрөөр хэлбэл, мотоциклийн хэрэглээ манай улсад жилээс жилд тасралтгүй өсөж байгааг эдгээр тоо харуулж байна.

Тэгвэл 2018 онд онд мотоциклийн 552 осол бүртгэгдэж, ослын улмаас 116 хүн нас барж, 265 хүн гэмтжээ. Нийт ослын 84.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 2.1 дахин өссөн болохыг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ. 

Харин 2019 оны эхний хоёр сард мотоциклийн ослын улмаас найман хүн нас барсан гэсэн харамсалтай тоо байна. Ийнхүү амиа алдсан иргэдийн долоо нь орон нутгийнхан байжээ. 

Тээврийн цагдаагийн албаны статистикаар 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 55,926 мотоцикл бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оноосоо 16%-аар өссөн тоо юм. Нийт мотоциклийн 7,593 буюу 13.6% нь нийслэлд, үлдэсэн 86.4 хувийг хөдөө орон нутагт ашиглаж байна

Тээврийн цагдаагийн албанаас мотоцикл  жолоодох болон зорчих үедээ хамгаалалтын малгай өмсөөгүй 2,786 тохиолдолд арга хэмжээ тооцжээ.

Энэ оны эхний хоёр сард импортолсон мотоциклийн тоог нэмж үзвэл манай улсад 60,000 орчим мотоцикл байгаа гэсэн үг. Ихэнх хэрэглэгчид нь орон нутагт байгаа энэ тээврийн хэрэгслийг ашиглахдаа аюулгүй байдал хангах шаардлагатай байгааг дээрх баримтууд харуулж байна.