Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

$6 саяар үнэлэгдэх сэргэн мандалтын үеийн ховор зураг 90 настай эмээгийн гал тогооноос олджээ

О.Даваажаргал, iKon.mn
2019 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Forbes.com

“Ад үзэгдэж буй Христ” нэртэй, жижиг модон дээрх уран зурагт Есүс Христийг олон түмэн хүрээлэн зогсож буйгаар дүрсэлсэн бөгөөд 13-р зууны сүүлээр Чимабуэ (Cimabue) хэмээн алдаршсан Италийн зураач Ченни Ди Пепо туурвижээ.

Магадгүй дээврийн хөндийд орхигдсон жинхэнэ эрдэнэс гэнэт нэгэн өдөр олдож, бөөн итгэл найдвар өгсөн мэт. Энэ бол тийм л түүхийн тухай билээ. 

Энэ удаад олдсон тэрхүү эрдэнэс нь 13-р зууны үед Флоренцын зураач Чимабуэгийн зурсан, одоогийн ханшаар 6.6 орчим сая ам.доллараар үнэлэгдэх бүтээл юм. 

Францын Компень хотод амьдардаг 90 настай эмээгийн байшин дахь гал тогоо болон хоолны өрөөний дундах хананд өлгөөтэй байсан тэрхүү бяцхан зураг дуудлага худалдаачин Филомен Вольфийн нүдэнд өртсөн бөгөөд тэрбээр уг бүтээлийг уран зураг судлаачид үзүүлэхийг эзэнд нь санал болгожээ. 

Ийнхүү зургийг шалгаж үзсэний дараа Парис дахь Туркин галерейн хуучны шилдэг мэргэжилтнүүд Чимабуэгийн бүтээл хэмээн дүгнэсэн байна. Эл зургийг улиангар модны хавтан дээр зуржээ. Цавуу будгийг тэмдэглээгүй тэрхүү бүтээл Христийн хүсэл тэмүүллийн үе шатуудын нэгийг дүрсэлсэн бөгөөд зураачийн 1280 онд зурсан нэгэн том полиптич буюу олон хэсгээс бүрддэг нийлмэл зургийн нэг хэсэг гэж үзэж байна.

Үлдсэн хоёр хэсгийн нэг нь Нью-Йорк дахь Фрикийн цуглуулга болон Лондоны Үндэсний галлерейд хадгалагддаг аж. 

“Энэ бол уран зургийн түүхэн дэх томоохон нээлт юм” хэмээн Туркин галерейн уран зургийн мэргэжилтэн Стефан Пинта Ассошиэтэд прэссд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Уг бүтээлийг аравдугаар сарын 27-нд Францын хойд хэсэгт байрлах Сенлис дэх Актеон дуудлага худалдааны ордонд худалдаанд гаргах юм байна. Жижиг дуудлага худалдааны ордонд хуучны мастер үнэлгээний ажилтан Эрик Туркин бүтээлийг дуудлагаар худалдаалах ажлыг удирдах аж. Туркиний мэргэжилтнүүд эл бүтээлийг 4.4-6.6 сая ам.долларт хүрэх бөгөөд томоохон урлагийн галлерейнууд худалдан авагч нь болох магадлалтай хэмээн үзэж байна. 

Зургийн өөр нэг хэсэг болох “Хоёр сахиусан тэнгэрийн дунд заларсан Эх дагина ба хүүхэд” (Madonna and Child Enthroned Between Two Angels) –ийг 2000 онд Лондонд байрлах Үндэсний галлерей нь төлөвлөсөн дуудлага худалдаа эхлэхээс өмнө 7.2 сая фунт стерлинг(9 сая доллар)-ээр худалдан авч байв. Тэрхүү бүтээлийг Сотэбигийн дуудлага худалдаагаар зарах ёстой байсан ч ийнхүү тусгайлан худалдан авсан талаар "The Art Newspaper" сонинд бичиж байсан. 

Үнэндээ сонгодог бүтээлүүд дуудлага худалдаагаар тэр бүр ил болдоггүй. Ялангуяа, орчин үеийн болон контемпорари бүтээлүүдтэй харьцуулахад тэдгээр бүтээл нь уран зураачийн онцлогоос хамааран хэдэн арван сая доллараас эхлээд 100 сая долларын үнэ хүрэх нь ч бий.

Тийм ч учраас 2017 онд Леонардо Да Винчигийн маргаан дагуулсан "Салватор Мунди" буюу "Дэлхийг аврагч" хэмээх зураг контемпорари төдийгүй дайны дараах үеийн уран бүтээлчид болон Энди Вархолын бүтээлүүдийн хамт зарагдсан юм. Энэ нь Да Винчигийн бүтээл бусад шинэхэн бүтээлүүдийн үнэ цэнийг дуудлага худалдааны үеэр нэмэгдүүлэх давуу тал болсон гэж үзэхэд хүргэжээ. 

Мэдээж "Дэлхийг аврагч" зураг 450 сая ам.долларт хүрч үнийн дээд амжилт тогтоосон ч уран зураг худалдан авагчдын хүсэл хандлага тоосонд дарагдсан эртний сонгодог бүтээл бус илүү гэгээлэг, шинэлэг, урлагийн бүтээлд чиглэж байна. Ялангуая, орчин үеийн болоод контемпорари бүтээлүүдийн дунд ч энэ байдал хэвээр байна. 

Чимабуэгийн 24x20 см хэмжээтэй тэрхүү бүтээл аравдугаар сард болох дуудлага худалдаагаар тийм ч өндөр үнэ хүрэхгүй байж болно. Хэдийгээр 4.4-6.6 сая доллар хүртэл үнэлэгдсэн ч очсон эзнээ гарцаагүй баярлуулах, жижиг дуудлага худалдааны гол бүтээл нь байх болно. 

 

Эх сурвалж: Forbes