Төрийн өмчит МИАТ хувьцаат компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Air Lease Corporation компаниас Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах гэрээг үзэглэлээ. Тус гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр МИАТ ТӨХК В787-9 маягийн агаарын хөлгийг 2021 оноос эхлэн нислэгтээ ашиглах боломжтой болж байгаа юм.
Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen, Боинг компанийн Борлуулалт хариуцсан захирал Скот Гримсби болон албаны бусад хүмүүс оролцов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан МИАТ ТӨХК их багтаамжийн агаарын хөлгөөр парк шинэчлэл хийж, Монгол Улс болон АНУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаанд түүхэнд тэмдэглүүштэй өдөр тохиож байна хэмээгээд Монгол Улс, АНУ-ын Боинг компанитай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай явж ирснийг онцлов.
Одоогоор МИАТ ТӨХК-ийн засвар үйлчилгээний төвд 60 гаруй агаарын хөлгийг засварласан бөгөөд цаашид Боинг компанийн Ази дахь засварын төв болох зорилго тавин ажиллаж байна хэмээн тэмдэглэн хэллээ.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр МИАТ компани Монгол Улсын Төрийн далбааг тээгч, Үндэсний тээвэрлэгчийн хувьд зах зээлийн өрсөлдөөнд өөрийн байр сууриа бэхжүүлж, зорчигч үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах зорилгоор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий Боинг компанийн агаарын хөлгүүдээр парк шинэчлэлт хийснээр 2021 он гэхэд хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиа компанийн нэг болно хэмээн онцлов.
АНУ-ын Боинг компанийн Борлуулалт хариуцсан захирал Скот Гримсбигээс зарим зүйлийг тодрууллаа.
- Боинг 787-9 агаарын хөлгийн онцлог, давуу тал, эдийн засгийн үр өгөөжийн талаар танилцуулаач?
- В787-9 агаарын хөлөг нь өргөн биетэй, 14,000 километр буухгүй нисэх техникийн боломжтой, 315 зорчигчийн суудалтай. Эдгээрээс 16 нь бизнес, 21 нь премиум, 276 энгийн суудал юм. Мөн В767 маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 хувиар бага, нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага тул байгальд ээлтэй, техник эдийн засгийн үр ашигтай гэж үзэж байгаа.
Агаарын хөлгийн нислэгийн удирдлагын системд электрон системийг өргөн нэвтрүүлж, далавчны аэродинамикийг сайжруулж, хөдөлгүүрээс гарах дуу чимээг багасгасан нь зорчигчдод илүү тав тухтай болсон.
- Энэхүү агаарын хөлгөөр одоогоор хэдэн улс нислэг үйлдэж байгаа вэ? Аюулгүй ажиллагааг баталгаатай гэж үзэж байна уу?
- 2019 оны 6 дугаар сарын байдлаар дэлхийн зах зээлд 72 улсад 1,441 агаарын хөлөг захиалагдаж, өнөөдрийн байдлаар 882 ширхэг В787 маягийн агаарын хөлөг олон улсад нислэг үйлдэж байна. Анх 2011 онд агаарын зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн үеэс хойш нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг болохоо баталсан.
Дэлхийн агаарын тээвэрлэгч бүр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлж буй өнөө үед В787-9 агаарын хөлөг нь агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалттай байгаа алсын зайн агаарын хөлөг юм.
- МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Боинг компанийн хамтын ажиллагааг та дүгнэж хэлээч?
- Монгол Улсын МИАТ, АНУ-ын Боинг компаниудын хооронд хамтын ажиллагааг эхлүүлээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд МИАТ компани B737, B767 зэрэг хэд хэдэн төрлийн агаарын хөлгүүдээр парк шинэчлэлт хийсэн байдаг.
Мөн дан ганц МИАТ компаниар зогсохгүй Монгол Улсад агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг Изинис эйрвэйс, Монголиан эйрвэйз карго зэрэг компаниуд боинг онгоцыг оруулж ирж ашиглаж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сайн байгааг илтгэсэн хэрэг.
- Монгол, Америк хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
- Монгол, Америк хоёр улсын эдийн засгийн харилцаанд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа өнгөлөх байр суурьтай явдаг. Тэр тусмаа МИАТ, Боинг компаниуд олон жилийн найрсаг харилцаатай явж ирсэн нь энэ салбарын цаашдын харилцаа улам өргөжин хөгжихөд чухал нөлөө үзүүлж байдаг.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд, ноён Б.Энх-Амгалантай уулзах үеэр тэрбээр Монгол Улсад Боинг компанийн албан ёсны эрхтэй Ази, номхон далайн орнуудын засварын төв байгуулах зорилготой байгаагаа дуулгасан. Бидний зүгээс ч энэ саналыг таатай хүлээн авсан. Тиймээс энэ чиглэлд цаашид бүх талаар дэмжиж ажиллах болно.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!