Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын бичиг үсэг тайлагдалт дэлхийд 11, IQ үзүүлэлтээр 12-т жагсаж байгаа ч боловсролын чанараар 101-т байна

Ч.Болортуяа
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголчуудын насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт 98%-тай ч боловсролын чанарын үзүүлэлтээр 187 улсаас 101-т жагсаж байна.

Энэ нь хэдийгээр монголчуудын хувьд бичиг үсэг тайлагдалт өндөр хувьтай ч боловсролын чанарын үзүүлэлтээр бол хол хоцорсон байгааг харуулж байгаа юм.

Нөгөө талд Монгол ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийд 130-д жагсаж байгаа нь анхаарал татаж байна.

Оксфордын Их сургууль, “Билл, Мелинда Гэйтс” сан хамтарч Мелинда Гэйтсээр удирдуулсан Технологийн хөгжлийн комиссыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарсан тухай бид мэдээлж байсан билээ.

“Цахим эрин дэх нүүдэлчид” төслийн хүрээнд Монгол Улсын технологийн бэлэн байдлыг үнэлж Засгийн газарт холбогдох зөвлөмжийг хүргүүлээд байна.

Монгол дахь төслийг Аксесс Сольюшинс ХХК гүйцэтгэснийг дурдах нь зүйтэй.

 
Аксесс Сольюшинс ХХК гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ, төслийн танилцуулгын үеэрх зураг,

Энэхүү төслийн үр дүнгийн тайланд дурдагдсан монголчуудын тухай сонирхолтой 15 статистикийг нэгтгэн хүргэж байна.

  1. Монгол Улс 3.2 сая хүн амтай. Үүний 63% нь 35-аас доош насныхан байна. (Эх сурвалж ҮСХ)

     

  2. Нийт насанд хүрэгчдийн 98% нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд энэ нь дэлхийн 187 улсаас 11-р байрт жагсаж буй үзүүлэлт юм.  (Эх сурвалж World Economic Forum. Global Human Capital Report. 2017)

     

  3. Монголчуудын ШИМТ буюу шинжлэх ухаан, инженер, математик, технологийн боловсролоор 56-р байрт жагсаж байна. (Эх сурвалж World Economic Forum. Global Competitiveness Index 2018)

     

  4. Монголчуудын дундаж IQ дэлхийд 12-т буюу дээгүүр байрт жагсаж байна. (Эх сурвалж: Forbes)

     

  5. Монголчуудын насанд хүрэгчдийн 93.8% нь аль нэг арилжааны банканд, эсвэл хэд хэдэн банкны данс эзэмшиж байна. (Эх сурвалж Санхүүгийн Зохицуулах Хороо)

     

  6. Монгол залуусын 92% нь интернэт ямар нэгэн байдлаар ашигладаг. (Эх сурвалж https://datareportal.com/reports/digital-2019-mongolia )

     

  7. Мэдээлэл, технологийн хөгжлийн индексээр Ази тивд 14, дэлхийд 91-т жагсаж байна. (Эх сурвалж Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага. 2018)

     

  8. Монгол Улсын нийт өрхийн 80% төвийн эрчим хүчинд холбогдсон. (Эх сурвалж Үндэсний Статистикийн Хороо. Эрчим хүчний статистик 2017)

     

  9. 100 хүнд ногдох гар утас 113% байна. Өөрөөр хэлбэл, ухаалаг утасны тоо 3.3 сая, суурин интернэт хэрэглэгчийн тоо 306 мянга, гар утсаараа интернэтэд холбогддог хэрэглэгчийн тоо 3.9 сая байна.  (Эх сурвалж Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага. 2018)

     

  10. Багш, боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэх үзүүлэлтээрээ 187 улсаас 92-т жагсаж байна. (Эх сурвалж World Economic Forum. Global Human Capital Report 2017)

     

  11. Монгол ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр 187 улсаас 130-т жагсаж байна. (Эх сурвалж World Economic Forum. Global Human Capital Report 2017)

     

  12. Нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.2 сая байна. Энэ нь манай насанд хүрсэн иргэдийн тоотой дүйж буй юм. (Эх сурвалж Digital 2019. We are social)

     

  13. Гар утсаар дамжуулан интернэт идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.1 сая байна. (Эх сурвалж Digital 2019. We are social)

     

  14. Нийт иргэдийн 27% нь интернэт банк ашигладаг. (Эх сурвалж Улирлын тайлан. Санхүүгийн зохицуулах хороо. 2016)

     

  15. Монголчуудын насанд хүрэгчдийн 98% бичиг үсэг тайлагдаж энэ нь дэлхийд 11-р байр эзлэх үзүүлэлт болж байгаа ч боловсролын чанараараа 187 улсаас 101-р байр эзэлж байна. (Эх сурвалж World Economic Forum. Global Human Capital Report 2017)

     



Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилтэд хөгжил сул орнууд арга хэмжээ авахгүй байснаар улам хоцрох, тэгш бус байдал гаарах эрсдэл бий учраас тухайн улс үндэстнүүд иргэдийн боловсрол, технологийн ур чадвар, дижитал шилжилт зэрэгт онцгойлон анхаарч байна.

Хэдийгээр дижитал шилжилт нь тэгш бус байдлыг улам гааруулах нэг нөхцөл болж байгаа ч технологийг ухаалгаар ашиглаж, одооноос анхаарч чадвал энэ нь тэгш бус байдлыг эсрэгээрээ бууруулах том боломжийг улс үндэстнүүд, салбар, компани, байгууллагад олгож буй.