Индэр    
Боловсролын тэгш бус байдлыг бууруулъя: Их, дээд сургуулиуд зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байгаа юу?
Зураг
2019 оны 7 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Боловсролын тэгш бус байдлыг бууруулъя: Их, дээд сургуулиуд зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байгаа юу?

 

“Дижитал эрин дэх Монгол Улс” төслийн хүрээнд "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн чанар, тэдгээрийн зөрүүтэй байдал" хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хүргэж байна. 

Хэлэлцүүлэгт:

  • Specialized Career Consulting компанийн гүйцэтгэх захирал А.Азбаяр
  • БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан
  • МУИС-ийн Эрдэм шинжилгээ, Хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал
  • ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч А.Алтангэрэл
  • "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх
  • “Дижитал эрин дэх Монгол Улс” төслийн менежер С.Тэнгис нар оролцлоо.

Ч.Болортуяа: Өнөөдөр Монголын их сургуулиудад сурч буй оюутнуудын дөнгөж 2.3 хувь нь мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байна. Дэлхийд энэ хандлага ихсэх төлөвтэй байхад монгол сурагчид яагаад энэ чиглэлийг сонгох нь буурч байна вэ?

 

А.Азбаяр (SCC LLC):  Хоёр жилийн өмнө л гэхэд бидэнд ирдэг байсан ажлын захиалгуудын 2-3 хувь IT чиглэлийнх байсан бол энэ жил 130 гаруй захиалгын 30 орчим хувийг уг чиглэлийн захиалга эзэлж байна.

Зах зээлд энэ чиглэлийн нэгдсэн боловсон хүчнийг хайх үед шаардлагад нийцэх хүмүүсийг олоход маш хэцүү.

Тийм учраас зөвхөн зах зээлд бэлэн байгаа хүмүүсийг хайхаас илүүтэйгээр 5 жилийн дараах боловсон хүчнийг бэлтгэх тал дээр боловсролын байгууллагуудтай хамтран ажиллана гэсэн шийдвэрт хүрч, одоогоор санамж бичиг зурсан байна. 

Би хувьдаа их сургуулиас IT чиглэлээр төгсөж буй оюутнуудын тоо 2.3 хувь биш, 50-аас дээш хувь байгаасай гэж хүсэж буй.

Учир нь энэ чиглэл нь ажил мэргэжлийн хувьд эрэлт хэрэгцээтэй болчихсон, эхэлж буй цалин нь бусад мэргэжлээс хамаагүй өндөр байна.

Компаниудын зүгээс мэдээж өөрсдийн шаардлагыг өндөр тавьж байгаа. Гэвч шаардлагад нийцэх залуус төдийлөн гарч ирдэггүй. Тийм учраас орчин үеийн мэдээлэл технологийн талаар ерөнхий боловсролд нь ч мөн адил зааж эхлэхийг хүсэж байна.

Ч.Болортуяа: Боловсролын яамны хувьд А.Азбаяр захирлын ярьж буй асуудлуудыг шийдвэрлэх ямар бодлогуудыг хэрэгжүүлж байна вэ. Өөрөөр хэлбэл их, дээд сургуулиуд зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах тал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

 

Т.Амаржаргалан (БСШУСЯ): Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед манай улсын боловсон хүчин хэрхэн бэлтгэгдэж байгаа тал дээр бид төвлөрөн ажиллаж байна.

Нэгдүгээрт, сүүлийн 20 жилийн хугацаанд мэдээлэл технологийн боловсролын хувьд ур чадвар гэхээс илүүтэйгээр мэдлэг олгох системээр явж ирсэн. Үүн дээр төрийн бодлогын түвшинд дүгнэлт хийн шинэ бодлогыг 2011 оноос хойш хэрэгжүүлж байна.

Энэ чиглэлээр ХААИС, СУИС, ҮБХИС, МУБИС гээд 10 сургууль дээр боловсролын бодлогын туршилтуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, одоо болон ирээдүйд хэрэгцээтэй мэргэжлүүдийг сургуулиуд урьдчилан судалж төлөвлөн, тодорхой чиглэлүүд дээр төвлөрсөн зохицуулалтыг хийж ажиллах нь зөв.

Хоёрдугаарт, өнөөгийн бодит байдал дээр нийт сурч буй оюутнуудын 27.5 хувь нь бизнес, эрх зүй, 2.3 хувь нь мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байна.

2016 онд хуульд өөрчлөлт орохоос өмнө Монгол Улсад ямар мэргэжлээр хэдэн хүнийг бэлтгэх вэ гэдэг бодлогыг яамнаас баталдаг байсан. 2016 онд хуульд орсон өөрчлөлтөөр сургуулиуд удирдах зөвлөлөөрөө энэ шийдвэрүүдийг гаргадаг болсон. Энэ нь хоёр талтай. Төрөөс ирдэг санхүүжилт бага байгаатай холбоотойгоор сургуулиуд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр оюутнуудыг элсүүлж байгаа.

Гэвч яамнаас явж буй бодлогын хувьд зөвхөн IT-ийн мэргэжлээр хүмүүсийг бэлтгэхээс илүүтэй бүх салбарын хувьд мэдээллийн технологийг хэрхэн хэрэглэх тал дээр бид санаа тавин ажиллаж байгаа бөгөөд технологийн их сургуулиуд болон Солонгосын компаниудтай хамтран 6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар төсөл эхлүүлэх гэж байна.

Энэ төслөөр ахисан буюу магистрын түвшинд манай аж үйлдвэрийн тэргүүлэх салбаруудыг мэдээллийн технологи руу шилжүүлэх хөтөлбөрүүдийг хийхийг зорьж буй. Үүнээс гадна Энэтхэгтэй хамтарсан, удаа дараа яригдаж буй аутсорс хийх төвүүдийн ажлыг урагшлуулахаар ажиллаж байна.

Ч.Болортуяа: ЕБС-уудын сургалтын агуулга цөм хөтөлбөрөөр явагддаг. Дээд боловсролд ямар хөтөлбөр хэрэгждэг вэ. Мэргэжлээр нь хөтөлбөр гаргаад явдаг уу. Бакалаврын оюутнуудын хувьд дижитал боловсролыг яаж олгодог вэ. Яаж явуулах ёстой вэ? 

Т.Амаржаргалан (БСШУСЯ): Бидний барьж буй чиглэл нь Тогтвортой Хөгжлийн бодлого гэсэн энгийн нэрээр нэрлэгдэж байгаа хэр нь технологи, байгалийн ухаан болон эрүүл мэндийн салбаруудыг шингээсэн байдаг. Энэ боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгах ажлууд хийгдэж байна. Үүнээс гадна мэдээлэл технологийн, soft skill буюу хүн хоорондын харилцааны, бүтээлч сэтгэлгээний, шүүн тунгаах, багаар ажиллах чадваруудыг суулгаж өгөх зарчмын өөрчлөлтөд бид орсон. Тухайн сургууль нь өөрсдөө салбарын хөгжлийг тодорхойлон түүнд тохирсон ур чадваруудыг суулгах байдлаар ажиллах нь зөв.

Ч.Болортуяа: Их сургуулиуд бизнесийн байгууллагуудтай буюу хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн бодлоготой нь хэрхэн уялдаж ажилладаг вэ. Мөн үүнд төрийн ямар оролцоо байх ёстой вэ?

 

Ч.Лодойравсал (МУИС): Нэгдүгээрт, программист болон программын инженер хоёрыг бэлтгэх гэдэг хоёр өөр зүйл. Программын инженерийг бакалаврын түвшинд бэлтгэх хэрэгтэй. Дээд боловсрол хэрэгтэй.

Программист бэлтгэх бол өөр асуудал. Дээрээс нь тоон технологийн боловсрол нь иргэн бүрт байх ёстой зүйл болчихсон. Иргэн бүрт байх ёстой учраас ерөнхий боловсролын сургуульд ч мөн адил байх ёстой.

Ерөнхий боловсролын сургууль нь ямар чадваруудыг эзэмшүүлж байна гэдэг нь чухал болно гэсэн үг.

Хоёрдугаарт, ЮНЕСКО-оос ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл технологийн хичээлийн багш нарт зориулсан стандарт шаардлагыг гаргасан. Энэхүү стандарт нь Монгол Улсад орж ирвэл өнөөгийн багш нарт тавигдах шаардлага их өндөр болно. Энэ стандартад нийцсэн багш нарыг бэлтгэж чадах уу гэдэг нь нэг асуудал.

Инженерүүд бэлтгэх тал дээр Монгол улсын Засгийн газрын барьж буй бодлого бол үр дүнд зориулсан боловсрол. Өөрөөр хэлбэл хэнийг бид гаргаж байна вэ гэдэг хамгийн гол асуулт. Үүнд хариулахын тулд дотоодын болон гадаадын ажил олгогчидтой ярилцах хэрэгтэй. Нөгөө талаас макро түвшний хувьд орчноо шинжих хэрэгтэй. Өнөөгөөс 5, 10 жилийн дараа ажлын байр яаж өөрчлөгдөх төлөвтэй байна гэдэгт хариулах шаардлагатай.

Ч.Болортуяа: Үүнийг яам хийх ёстой юу, сургуулиуд хийх ёстой юу?

 

А.Алтангэрэл (ШУТИС): Яам арга зүйгээр хангаж өгөөд, сургуулиуд хэрэгжүүлэлтийг хариуцах нь зөв.

Аж үйлдвэрийн IV хувьсгал ороод ирэхээр хөдөлмөрийн зах зээлд тавигдах шаардлага нь өөр болж байна.

Хүмүүст бараг бүгдэд нь "өгөгдлийн шинжилгээ хийж чаддаг байх" гэсэн олон шаардлага гараад ирнэ. Дараа нь юуг, хэнтэй хамтарч, яаж явах, яаж сургалтынхаа арга зүй, технологи, хүргэх хэлбэрийг өөрчлөх гэсэн дарааллаар явж байгаа.

Цаг хугацаа орно, багш нарын хандлагыг өөрчилнө, орчныг өөрчилнө гэдэг зүйлс байгаа, шат шатаар явж байна. Нөгөө талаас ЕБС-уудаас гарах зүйл гарахгүй байгаад ирэхээр их, дээд сургууль бүр энгийн зүйлс зааж байна.

ЕБС-аас чанартай сайн төгсөгчид гарч ирвэл бид өөр зүйл заагаад явах ёстой, энэ маань үе шаттай. Дээрээс нь дунд, ахлах анги, МСҮТ-өөс ямар хүн гарах, цаашлаад бакалавр, магистр, доктороос ямар хүмүүс гарах, юу эзэмшсэн байгааг яам тогтоогоод явахаар энэ зүйлс тодорхой болоод ирнэ. Мэдээж сууриас нь буюу ЕБС-аас эхлэх ёстой. Гэхдээ бид хүлээгээд суугаад байж болохгүй, шинэчлээд явж байгаа.

Т.Амаржаргалан (БСШУСЯ): Бид сурагчдад тодорхой чадваруудыг суулгах тал дээр гурван аргачлалыг нэвтрүүлсэн.

  • Нэгд, ажил олгогчдын нийт хэрэгцээг судлах.
  • Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн эргэлтийг судлах.
  • Гуравдугаарт, төгсөгчдийг мөшгөх судалгаа буюу төгссөн мэргэжилтнүүд маань ямар ур чадвартай боловсон хүчин болж байгааг судлан цаашид чадваруудыг суулгах хэрэгтэйг тодорхойлох.

Энэ дотор хамгийн чухал оролцогчид нь ажил олгогчид юм.

Нөгөө талаас Монгол Улсад үнэлгээний асуудал их чухал.

Ямар ч түвшинд боловсролын бодлогын хувьд цэцэрлэгээс эхлээд түвшин бүрт юу мэддэг, чаддаг, ямар хандлага төлөвшилтэй байх вэ гэдгийг тодорхойлсон мэргэжлийн үндэсний хүрээ гэдэг зүйлтэй болох хэрэгтэй.

Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ярилцаж байгаа бөгөөд боловсролыг 10 түвшинд хуваан сурагч үе шат болгонд эзэмших ёстой чадваруудыг эзэмшсэн гэдгээ баталгаажуулсны дараа түвшин ахих байдлаар явах юм. 

Тэгэхээр өмнөх үе шатандаа эзэмших ёстой мэдлэг, чадвар, хандлагаа эзэмшиж байж дараагийн үе шат руугаа шилждэг, тэрийгээ баталгаажуулдаг систем ороод ирэхээр үечилсэн бүтцээр явна гэсэн үг. Мэдээллийн технологийн чиглэлд STEM боловсролтой уялдаж байгаа. Энэ чиглэлд бодит байдал дээр "gap" байгаа бөгөөд үүнийг нөхөх тал дээр яам төвлөрөн ажиллаж байна.

Ч.Болортуяа: ШУТИС-ийн хувьд элсэлтийн хуваариа яаж гаргаж байна вэ. Ажил олгогчдын хэрэгцээн дээр тулгуурлан гаргаж чадаж байна уу?

А.Алтангэрэл (ШУТИС): ШУТИС маань ICT-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа улсын хоёр сургуулийн нэг.

Хуучнаар КТМС, Мэдээлэл холбооны технологийн сургууль хоёр нэгдээд нэг сургууль болсон. Одоогийн байдлаар манай сургууль 10 мэргэжлээр оюутнуудыг бэлтгэдэг. Яамнаас квот өгнө, жил бүр 550 гаруй оюутан авна гэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, 10 мэргэжлийг булаацалдаад 50, 50-аараа авдаг. Мэдээллийн технологи, мэдээллийн систем, программ хангамж, компьютерын ухаан, мэдээллийн аюулгүй байдал, компьютер сүлжээ гэсэн 6 мэргэжил дээр голдуу төвлөрдөг. Кодчиллын хичээл маань ийшээ орж явдаг.

Яаманд бидний тавьдаг шаардлага нь квотыг чөлөөтэй өгөх. Төр хорио тавьдаг, оюутны төлбөрийг тодорхойлоход нөлөөлдөг. Тэгвэл боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, тэднийг тогтоон барихад санхүүжилтээ мөн хангалттай байлгах шаардлагатай.

Төр дэмжиж чадахгүй бол гай болохоо больчих хэрэгтэй. 

Эрэлт бол маш их байна. Ажил олгогчид утасдаад 50 хүүхэд өгөөч гэдэг. Мобиком залгаад программистууд гадаад руу гараад явчихлаа, шинэ программистууд өгөөч гээд. Бидэнд илүү программист байхгүй.

Оюутнууд маань бүгд гуравдугаар курсээсээ компанид ажиллаж эхэлдэг.

Одоогийн байдлаар манай зах зээлд Японы 5 компани орж ирсэн, шууд Японд ажиллуулах. Дипломоо аваад л Япон явах гэж байгаа хүүхдүүд байна.

Ойрын хугацаанд кодчиллын талын компаниудад ажиллах хүчний дутагдалд орж эхэлж байна. Ийм учраас энэ жилээс квотуудаа уян хатан болгоё, хүүхдүүд оръё гэвэл чөлөөтэй авъя.

Цахилгаан холбоо зэрэг эрэлт нь буурчихсан мэргэжил рүү шахах гэж зүтгэлгүйгээр шингээж авах хандлага руу орж байна.

Төгссөн төгсөгчид маань ажлын шаардлага хангаж байгаа эсэх нь орж ирж байгаа хүүхдүүдээс хамаарч байна. Яагаад гэвэл дунд сургуулийн суурь боловсрол тааруу байдаг. Мөн багш нарын чадварын асуудал энд яригдах ёстой.

Ч.Лодойравсал (МУИС): Тийм. Гол хүндрэл нь багш нарын асуудал.

Бид хэдэн ч оюутан авч болно. Багш нар төгсөгчөөсөө бага цалинтай байдаг. Гэтэл бид хамгийн чадвартай хүнийг багш болгож авах гээд байна.

Санхүүгийн эрх чөлөөнд гараагүй юм чинь сургууль дээр зарцуулах цаг бага, сайн хүн үлдэхгүй. Багш нь хангалттай байгаад, тэд нар нь бололцоотой байх юм бол олон оюутан авч болно.

Дээд боловсролын хувьд багш нарын санхүүжилтийг шийдэж, цалин сайн өгөх хэрэгтэй. Үүнийгээ дагаад тавигдах шаардлага нь өндөрсөх ёстой.

Ч.Болортуяа: Бидний ярианы дунд гарсаар байгаа ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл энд сууж байна. "Сант" сургуулийг бид сайнжишээ болгож урьсан. Тэд сүүлийн 3 жил кодчлолын хичээлийг нэвтрүүлж, 12-р анги төгссөн хүүхдүүд нь ажлын байранд гарахад бэлэн болсон талаар А.Азбаяр захирал хэлж байсан. Мэдээллийн технологийн боловсрол, ур чадварыг сайжруулах тал дээр "Сант" сургууль туршлагаасаа хуваалцахгүй юу?

 

З.Энхмөнх (Сант сургууль): Мэдээлэл технологийн ахьсан түвшний хичээлийг ЕБС-уудад оруулах бүрэн боломжтой.

Бид 3 жилийн хугацаанд үүнийг хэрэгжүүллээ. Кодчиллын хичээл нь 21-р зуунд шаардлагатай байгаа логик сэтгэлгээг эзэмшүүлэх боломжтой.

Нөгөө талаас ирээдүйд мэдээлэл технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бид багаас нь бэлдчих юм бол их, дээд сургуулийн түвшинд тухайн хүүхэд илүү их гүнзгий мэргэших боломж бүрдэнэ.

Багш нарын нөхцөл байдлын хувьд үүнийг цахим хэлбэрээр шийдэх бүрэн боломжтой. Учир нь багшлах боловсон хүчин хангалтгүй байгааг бид бүгд ярьж байна.

Сурагчид нь программын хичээлээ цахимаар үзсэний дараа дадлагажигч багш нар ангид тайлбарлан, туслах байдлаар явна гэсэн үг. Үүнд нь тодорхой урамшуулал өгдөг ч юм уу. Ийм байдлаар их, дээд сургууль нь ЕБС-даа орж ирэн ЕБС нь багшлах нөөц, боловсон хүчинд нь туслах байдлаар явах боломжтой.

Т.Амаржаргалан (БСШУСЯ): Их сонирхолтой санал байна.

Миний хувьд их сургуульд 20-оод жил ажиллан төрөөс оюутны төлбөр хязгаарлаж байгааг буруутган ярьж байгаад гурван жилийн өмнө яамны бодлогын түвшинд ирэхэд улс орны нөхцөл байдал, иргэдийн амьжиргаа гээд тодорхой нөхцөл байдлуудын улмаас төлбөрийн хязгаарлалтыг тавьж байгааг олж харсан.

Мэдээллийн технологийн боловсрол, тоон технологийн боловсролд багш нарын бэлэн байдалд хүндрэлүүд байгаа.

Багш нарыг хөгжүүлэх чиглэлд яам онцгой анхаарч байна. 

Төрөөс багшийн хөгжлийн тухай хууль батлагдсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Багш нарын их хурлаар дээд боловсролын багш нарын хөгжлийн төвийг байгуулах шийдвэр гарсан.

Үүгээр багш нарын хичээлийг цахим хэлбэр рүү хэрхэн шилжүүлэх, сурагчдын хүлээж авч байгаа байдалтай хэрхэн уялдуулах талаар ярьж байгаа. Тийм учраас энэ тал дээр З.Энхмөнх захиралтай хамтран ажиллая гэж шууд бодогдлоо. Тус бүрийнхээ давуу талыг ашиглах боломж гэж харж байна.

Сургуулиудын хооронд кредит тооцох Student Mobility гэдэг хөтөлбөрийг Герман-Монголын сургууль, "Шинэ Монгол" сургуультай хамтарч энэ жилээс эхлүүлсэн. Яамны бодлогын чухал чиглэл нь нээлттэй боловсролыг хөгжүүлэх ажил, цуврал сургалтууд явагдаж буй явдал. ШУТИС-д Нээлттэй боловсролын төв байгуулагдсан.

Боловсролын салбарын, тэр дундаа дээд боловсролын салбарын удирдах ажилтнууд, бүх багш нартай цахим боловсролын агуулгыг загварчлах сургалтууд явуулаад байгаа.

Олон улсад барьж байгаа бодлого ч мөн боловсролын тэгш хүртээмжийг хангахад нээлттэй боловсролын агуулгыг хэрхэн ашиглах тал дээр анхаарч байна. Нөгөө талаар цахимаар өгч байгаа хичээлийн агуулын чанарыг баталгаажуулах асуудал бий, энэ бол зайлшгүй.

Ч.Болортуяа: Нээлттэй боловсрол нь боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах том  шийдэл болоод байгаа. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв дээр очиж үзэхэд ажил урагштай явж байгаа юм билээ. Оюутнууд цахимаар хичээлээ үзээд эхэлсэн байсан. ЕБС-уудын сурагчдад зориулсан кодчиллын цахим хичээлийн хөтөлбөрийг хамтран бүтээх бололцоо ШУТИС-д байгаа юу. Өөрөөр хэлбэл, багш нарын дутагдлыг нээлттэй боловсролоор дамжуулан нөхөх боломж байгаа гэж харж байна.

А.Алтангэрэл (ШУТИС): Дунд сургуулиудтай ажиллахад нээлттэй.

Манай сургуулийг багш бэлтгэдэггүй гэдэг утгаар нь багшийн их сургууль үүнд хаалт тавьдаг. ЕБС-ийн ерөнхий агуулгыг бид л боловсруулах ёстой, та нарт хамаагүй гэх нь бий.

Энэ тал дээр яамтай яг таг зөвшилцөөд хамтран ажиллахад бидний нөөц боломж нэлээд байгаа.

Дэлхий нийтээрээ нээлттэй боловсролыг ашиглаж байна шүү дээ.

Ч.Болортуяа: Сургуулиудын хамтын ажиллагаа чухал байгаа нь энд харагдаж байна. Төслийн менежер болон мэдээлэл технологийн мэргэжилтний хувьд энэхүү зүйлсийг хэрхэн харж байна вэ?

 

С.Тэнгис (Access Solutions): Би өөрөө КТМС-ийг төгсөөд мэдээлэл технологийн салбарт 15 жил ажиллаж байна.

Сүүлийн хэдэн жил Монголд IT-ийн хүүхдүүд дутаад байгаа биш, дэлхийд дутаж байгаа. Япончууд Монголоос 10,000 инженер авна гэх жишээтэй. 

Дэлхийн трэнд яривал кодчилол гэдэг нь бүх хүний хийдэг зүйл болсон.

Улс орнууд хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь кодчиллын ур чадварыг бага багаар олгоод явж байгаа.

Бидний судалгааны нэг хэсэгт дурдагдаж байгаагаар, Финланд зэрэг өндөр хөгжилтэй улсуудын нийт хүн амын 30 хувь код бичдэг туршлагатай байна. Ямар нэгэн хэмжээгээр код бичиж чаддаг. Гэтэл Монголд ямар байгаа билээ. Мэргэжлийн боловсон хүчин нь хөгжиж буй орнуудын жирийн хүнээс доогуур болоод ирсэн. 

Нөгөө талд, дэлхийн боловсрол маш нээлттэй, ур чадвар эзэмшихэд нээлттэй болсоор байна. Гол нь дутагдаж байгаа зүйл нь манай залуучуудын англи хэлний түвшин одоо хүртэл муу байгаа явдал.

Хэрвээ англи хэлээ сайжруулчих юм бол Монголын ажил олгогчдын шаардлага тийм ч өндөр биш. Одоогоор Microsoft, Google зэрэг шиг чадвар шаардахгүй байгаа. Гэхдээ Монголдоо эдгээр шаардлагыг хангах мэдлэг олох боломж үнэгүй байж байдаг. Англи хэлтэй бол хэдхэн минутанд Google-дээд ажилдаа хэрэглээд явах боломжтой. Залуучуудад англи хэлийг маш сайн сурахад программист болоход ч, тоон бичиг үсгийн боловсрол эзэмшихэд ч, амьдралд нь ч хэрэгтэй. 

Ч.Болортуяа: iKon.mn сайт боловсролын тэгш бус байдлыг бууруулах нэг арга замыг мэдээллийн технологи гэж харж, энэ талаарх цуврал нийтлэл, ярилцлага бэлтгэж байна. Бизнесийн байгууллагуудын төлөөлөл, удирдлагуудтай уулзахаар тэд нэг үеэ бодвол их сургуулиуд төгсгөсөн боловсон хүчнийхээ эрэлт-хэрэгцээний талаар судалгаа авдаг болсон гэсэн. Үүнийгээ хэрхэн сайжруулах вэ?

Ч.Лодойравсал (МУИС): Бид асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй.

Дэлхий даяар хөтөлбөрүүдээ шинэчлэх гэж үзэж байгаа.

Гэхдээ нээлттэй боловсролын цаана нэг талаар тэгш хүртээмж, нөгөө талаар чанарын асуудал бий. Нээлттэй боловсрол гэдэг нь нээлттэй байгаа юмыг уншчихаад өөр хүнээр заалгачих юм бол илүү чанартай сурчихна. Өөрөөр хэлбэл, туслах багш хэрэгтэй. Гэтэл тийм ч багш манайд алга. 

Нөгөө талаар, хүн тасралтгүй суралцах ёстой. Хүн хүссэн зүйлээ цахим орчинд суралцдаг болсон. Тэгэхээр бид хүүхдэд цахим орчинд суралцах чадварыг олгох ёстой.

Нэг асуудал нь контент бэлдээд тавингууд хүүхдүүд үзэхгүй, дэлхий даяар үзэхгүй байна. MOOC-д бүртгүүлсэн хүүхдүүд хоёр долоо хоногийн дараа ердөө 10% нь үлдэж байх жишээтэй.

 

Ч.Болортуяа: Ч.Лодойравсал докторын ярьж байгаа хичээлийг нээлттэй болгохоор хүүхдүүдийн анхаарал буурдаг гэж байгааг албан боловсролд оруулах, ингэхдээ мэдээлэл зүйн хичээлээр дамжуулаад онлайнаар сурах дадлыг нь бий болгох гэж байгаа гэж ойлгож байгаа. Энэ санаагаа З.Энхмөнх захирал илүү тодорхой тайлбарлахгүй юу?

З.Энхмөнх (Сант сургууль):  7-8 цагаар гар утас үзүүлэхгүйгээр хүүхдийн бүх анхаарлыг ЕБС авч чадаж байгаа.

Гэхдээ энэ алтан цагаа зөв ашиглаж чадаж байна уу гэдэг асуудалтай.

Хичээлүүдийг нээлттэй тавихаар үзэх хүүхдийн тоо багасдаг нь үнэн. Учир нь  хүүхдүүд биеэ дааж сурах дадалгүй байна.

Цахимаар заана гэдэг нь мэдлэгийг өөр хэлбэрээр хүргэхээс гадна дадал суулгаж байгаа гэсэн үг. Тиймээс энэ дадлыг ЕБС-д буюу албан боловсролд суулгаад өгчихвөл энэ төсөл амжилттай хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, сайн дураараа хүүхэд тухайн нээлттэй хичээлийг үзэхгүй байх нь. Хэрэв сайн дураар нь орхивол амжилтгүй болдог гэдгийг бид харсан. Албан боловсролд нь оруулаад анхаарлыг нь төвлөрдөг цагт нь үзүүлэхээр хүүхэд аяндаа дадал зуршилтай болно. Хичээлийг ийм хэлбэрээр цаашдаа бие дааж үзэх боломжтой юм байна гэсэн насан туршийн боловсрол сууна гэх мэт олон давуу талтай. 

Ч.Лодойравсал багшийн хэлж байгаагаар үзсэн зүйлээ хийх гэхээр туслах хүн хэрэг болдог. Туслах хүн нь дээд талын ангийн ах, эгч нар буюу их, дээд сургуулийн 1-2-р дамжааны оюутнууд хүрч ирээд тэр хичээлд нь туслах, чиглүүлэх, мэдэхгүй зүйлсийг нь зааж өгөх боломжтой гэж хараад байна.

Өөрөөр хэлбэл, хамгийн сайн чанартай агуулгыг өгөх багш нэгэнт дутагдалтай байгаа юм чинь энэ агуулгыг нь нээлттэй боловсролоор буюу цахим хичээлээр өгөөд хажууд нь одоогийн багш нар болоод нэмээд оюутнуудыг туслах багшаар ажиллуулах тухай юм. 

Энийг хийж чадвал амжилттай явж чадна. Ингээд Монгол Улс мэдээллийн технологийн ур чадвартай улс гэдгийг харуулмаар байна.

Т.Амаржаргалан (БСШУСЯ): Бид одоогоор Монгол Улсын 2030 он хүртэлх боловсролын урт хугацааны төлөвлөлт дээр ажиллаж байгаа.

Хуулийн өөрчлөлтөд явж байгаа чиглэлд албан бус буюу насан туршийн боловсролыг хөгжүүлэх чиглэл орж ирж байгаа. 

Өнөөдрийн хэлэлцүүлэг судалгаа байдлаар явж байгаа учраас зөвлөмж дээрээ энэ зүйлсийг судлаад сайн оруулаарай. 

Бид яамны бодлогоор зайн сургалтын таван төвийг байгуулсан. Учир нь хөдөө, хот хоёрын боловсролын ялгаа их байна. Энэ орон зайг нөхөх гэж зайн сурглтын төвүүдийг байгуулсан, МУБИС дээр төв нь байрлаж байна. Энэ төвүүдээр дамжуулаад багш нарыгаа чадвартай, залуучуудыг хөгжүүлэх боломж байгаа, энийг ашиглахыг зөвлөмждөө оруулаарай.

А.Азбаяр (SCC LLC): Яам, сургалтын, судалгааны байгууллагуудынхандаа нэг уриалга хэлье.

Программчлалын хичээлийг маш сайн зааж, англи хэлний сайн мэдлэгтэй маш сайн боловсон хүчнүүдийг бэлтгэснээр Монгол Улсаа том IT outsourcing-ийн орон болгох боломжтой.

Монгол хүмүүс маань гадаад руу гардаг биш, Монголдоо амьдраад гадны орнуудаас төслөө аваад хийх боломжтой болж байна. Дэнцү Дата Артист Монгол компани үүнийг хийгээд эхэлчихлээ.

Энэ жишээг илүү том цар хүрээтэйгээр явуулаад, монгол залуучууд Гүүгл, Амазоны төслүүдийг Монголдоо хийдэг болох боломжтой.  Тэдний ажлын хөлс буюу гадаад валют нь Монголд орж ирнэ. Өөрөөр хэлбэл, энэ бол жинхэнэ оюуны экспорт.