Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын прокурорууд анх удаа хууль зүйн сайдынхаа гэрт нэгжлэг хийлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Чо Кукын гэрт прокурорууд нэгжлэг хийж, гэмт хэрэгт холбоотой нотлох баримтууд цуглуулжээ.

Прокурорууд тус улсын түүхэнд анх удаагаа хууль зүйн сайдын албан тушаалыг идэвхтэй хашиж байгаа хүний гэрт ажиллагаа явуулсан нь энэ юм байна.

Тэд Чо Кукын гэр бүлтэй холбоотой авлигын хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж байгаа. Өнөөдрийн ажиллагаа нь хүүхдүүдээ нэр хүндтэй их сургуулиудад оруулахын тулд хуурамч тодорхойлолт үйлдсэн гэх хэрэгтэй холбоотой юм байна.

Сайдын гэргий ийм хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа ба хэргийн баримтуудыг устгахаас сэргийлж нэгжлэг явуулсан гэнэ.

Өнөөдрийн ажиллагааны үр дүнд Чо сайдын гэрийн компьютерын хард дискнүүд болон бусад бичиг баримтуудыг хураажээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний зөвлөх байсан Чо Кукыг энэ сарын эхээр хууль зүйн сайдын албан тушаалд томилсон юм. Түүнийг Мүүн Жэ Иний хэрэгжүүлж байгаа хууль зүйн шинэчлэлийн гол архитектор гэдэг. Томилгооны үеэр парламент дахь сөрөг хүчнийхэн авлигын дуулианд нэр холбогдсон түүнийг сайдын суудалд суулгахыг хүчтэй эсэргүүцэж байв.

Гэвч Чо Кук сайдаар томилогдсон хойноо гэр бүлтэй нь холбоотой хэргүүдийг шалгах прокуроруудын ажиллагаанд саад хийхгүй гэдгээ амлаж байв.

Өнөөдрийн ажиллагааны дараа Чо Кук сайд сэтгүүлчидтэй уулзахдаа “Төрийн албан хаагчийн хувьд миний эсрэг чиглэсэн олон янзын мэдээллийг би тэвчин өнгөрүүлж байсан. Харин өнөөдрийн энэ явдал хэрээс хэтэрлээ” гэж хэлээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News