Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ(ARIN)-ний VI Бүгд хурал есдүгээр сарын 23-24-нд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү хуралд 22 улс, олон улсын таван байгууллага, Монгол Улсын төрийн долоон байгууллагын 110 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа уг хурлыг нээхдээ “Анх 2013 онд БНСУ-ын Прокурорын дээд газрын санаачилгаар Ази, Номхон далайн бүс нутагт эрүүгийн хэргийн асуудлаар байгууллага хооронд мэдээлэл шуурхай солилцох, гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг царцаах, буцаах чиг үүрэгтэй энэхүү сүлжээг бий болгосон. Тэр цагаас хойш бүс нутагт хөрөнгө буцаах асуудлаар олон удаагийн уулзалт, сургалт зохион байгуулагдаж, улс орнууд идэвхтэй оролцож ирсэн ба сүлжээнд одоогоор 24 улс, олон улсын есөн байгууллага ажиглагчаар нэгдээд байна.
Монгол Улсын хувьд 2013 онд элссэн бөгөөд Индонез улсын Бали хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Хөрөнгө буцаах байгууллагуудын V их хурлаас тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар сонгогдсон юм. Бидэнд энэхүү сүлжээг ашиглан БНСУ-ын Прокурорын дээд байгууллагатай хамтран Монгол Улсад орж ирсэн хууль бус хөрөнгө оруулалтыг олж тогтоон таслан зогсоож, эх оронд нь буцаасан, мөн Монгол Улсын хилээр хууль бусаар гарсан динозаврын ясыг БНСУ-аар дамжин гарах гэж байхад нь Өмнөд Солонгосын тал таслан зогсоож, манай улсад эргүүлэн авчирч байсан сайн туршлага бий. Энэ бүхэн ARIN сүлжээ ашиглан шуурхайн харилцан мэдээлэл солилцсоны үр дүн” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хувьд хөрөнгө буцаах тогтолцооны талаар Улсын Ерөнхий прокурорын газрын прокурор Б.Цэцэгмаа танилцуулав.
Энэ сүлжээгээр дамжуулан гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлж эхэлсэн бөгөөд ЦЕГ энэ чиглэлээр хариуцсан албатай болсон талаар тэрбээр дурдаад “Монгол Улсад өмнө нь хөрөнгийг илрүүлэх, царцаах, хураах зэрэг тогтолцоо байгаагүй бол бид уламжлалт мөрдөн шалгах арга барилаа өөрчлөөд өнөөдрийн өсөн нэмэгдэж буй аюул заналтай холбоотойгоор санхүүгийн мөрдөн шалгах үйл ажиллагааны арга зүйг нэвтрүүлж байгаа” гэлээ.
Түүнчлэн:
Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх механизм тогтохоос өмнө бид ARIM, интерпол гэх зэрэг сүлжээгээрээ дамжиж хамтын ажиллагаагаа өрнүүлсэн билээ. Жишээ нь сүүлийн 2 жилд АТГ-аас мэргэжлийн сүлжээгээрээ дамжуулаад 70 гаруй мэдээллийг албан бус байдлаар авч, мэдээлэл солилцсон байдаг. Үүний үр дүнд хил дамнасан өргөн далайцтай мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөн мэдээллийн солилцоог улам дэмжсэнээр тагнуулын мэдээллийг үндэслээд олон улсын түвшинд хөрөнгө буцаах мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг.
2019 онд боловсруулж баталсан удирдамжийн дагуу санхүүгийн үндэсний механизмыг нэвтрүүлж, хэд хэдэн хэргийг амжилттай шалгуулж шийдсэн байдаг ба 22 хэргээс бид 45 сая долларын үнэ бүхий хөрөнгийг битүүмжилж чадсан.
Олон улсын хамтын ажиллагаа болоод мэдээлэл солилцох зарчмаар бид хөрөнгийн урсгалыг хараа хяналтандаа байлгах тал дээр амжилтад хүрч байгаа.
Эндээс эрх зүйн туслалцааны хамтын ажиллагаа ямар ач холбогдолтой болохыг харж болно гэлээ.
ВИДЕОГ ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!