Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Бат-Эрдэнэ: Цахим тоглоомын газрууд цагийн хуваарь хэтрүүлснээс хүүхэд, залуус гэмт хэргийн хохирогч болох нь их байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс цахим тоглоомын газруудад нэгдсэн шалгалт хийжээ.

Тус дүүргийн 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд эдгээр газраар өдөрт 9,500 орчим хүүхэд, залуус үйлчлүүлдэг байна.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ “Хяналт шалгалтын үеэр цахим тоглоомын газрууд нь цагийн хуваарь хэтрүүлэн хүүхэд залуусыг шөнийн цагаар болон хоногоор тоглуулах зөрчил дийлэнх хувийг нь эзэлж байна. Үүнээс шалтгаалж хүүхэд, залуучуудын бие, сэтгэл зүйн доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.

Ялангуяа шөнө оройн цагаар дээрэмдэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. 

Мөн удаа дараа зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй нэр бүхий нэг газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр ажиллаж байна” гэв. 

 

Шалгалтыг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид хамтран зохион байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан 16 газарт  Засгийн газрын 410 дугаар тогтоол “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандарт, “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага” стандарт MNS 6423:2013-уудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн 6 газарт хариуцлага тооцлоо. 

 

Мөн хууль бусаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан нэг газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь хааж, шалгаж эхэлжээ.

 

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар