Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн Араб намууд ерөнхий сайдыг зайлуулахын тулд өрсөлдөгчийг нь дэмжлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Бэнни Ганц, Бенжамин Нетаньяху нар

Израйлийн парламентад суудалтай Араб намууд тус улсын одоогийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг улс төрөөс зайлуулахын тулд түүний өрсөлдөгч Бэнни Ганцтай эвсэл байгуулах шийдвэр гаргажээ.

Ингэснээр 1992 оноос хойш тус улсын Араб улс төрийн хүчнүүд анх удаа Израйлийн ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж байгаа юм. Өнгөрсөн Мягмар гарагт болсон сонгуулиар Израйлийн армийн командлагч асан Бэнни Ганцын тэргүүлсэн төв үзэлтэй “Хөх ба Цагаан” эвсэл 120 суудалтай парламентад хамгийн олон буюу 33 суудал авсан юм.

Харин одоогийн ерөнхий сайдын тэргүүлсэн барууны үзэлтэй Ликуд нам 31 суудал авч удаалсан. Тэдний аль нь ч олонх болж чадаагүй учраас парламентад суудал авсан бусад улс төрийн хүчнүүтэй эвсэж, шинэ засгийн газар байгуулахаар болж байна.

Дөрөвдүгээр сард болсон сонгуулийн үр дүнд засгийн газар байгуулагдах боломжгүй болсон Израйль улс жилийн дотор хоёр дахь сонгуулиа зохион байгуулсан нь энэ юм.

Араб намуудын эвсэл өнгөрсөн сонгуулиар 13 суудалтай болж, парламентын гуравдах том хүчин болсон. Тус эвсэл шийдвэрээ “Бэнни Ганцын бодлогыг дэмжихийн тулд биш, Бенжамин Нетаньяхуг зайлуулахын тулд гаргасан” гэж тайлбарлажээ.

Израйлийн түүхэнд хамгийн удаан хугацаанд буюу нийтдээ 13 жил ерөнхий сайдын суудалд суусан Бенжамин Нетаньяху тус улсын Араб гаралтай иргэдийн эсрэг хатуу бодлого баримталж байсан нь ийнхүү чухал шийдвэрт нөлөөлж байна.

Гэхдээ Арабууд экс ерөнхий сайдыг засгийн газраас зайлуулах шийдвэрт дангаараа нөлөөлөхгүй. Израйлийн шинэ засгийн газар хоёр дахь сонгуулийн үр дүнд амжилттай бүрдэх боломж бүрхэг хэвээр байна.

Тус улсын батлан хамгаалахын сайд асан Авигдор Либерманы үндсэрхэг үзэлт Израйл Бейтэну нам өчигдөр Ганц, Нетаньяху хоёрын хэнийг ч дэмжихгүй гэдгээ зарласан нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн юм.

Ерөнхий сайд хэн болохыг эцэслэн шийдэх боломжтой байсан Либерманы нам өнгөрсөн сонгуулиар найман суудалтай болсон.

Өнгөрсөн долоо хоногт Нетаньяху эвслийн засгийн газар байгуулах хүсэлтээ Бэнни Ганцад тавьсан ч татгалзсан хариу өгсөн юм. Бэнни Ганц “хамгийн олон суудал авсан намын даргын хувьд ямар ч тохиолдолд ерөнхий сайдын суудалд суух ёстой” гэж үзэж байгаа.

Харин Нетаньяху ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хаших сонирхолтой байна.

Одоо 69 настай ерөнхий сайд авлигын хэрэгт холбогдоод байгаа ба шүүх хурал нь аравдугаар сарын эхээр болох юм. Хэрвээ тэр албан тушаалаасаа буувал Израйлийн улс төр дэх түүний эрин өндөрлөх болоод байна.

 

Эх сурвалж: AFP