ОБЕГ-ын хоногийн мэдээллээр, хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
АНУ-ын харьяат иргэн П, 40 настай, эрэгтэй энэ сарын 18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч нэг автомашинтай есдүгээр сарын 22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар очиж хоноод, өнөөдөр өглөө хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна.
Мөн Орхон голд таван хүн загасчилж байснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат, 36 настай, эрэгтэй живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 12:47 цагт хүлээн авжээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч нэг автомашин, нэг завьтай мөн өдрийн 13:00 цагаас эхлэн 12 удаа гүний шумбалт хийж, усанд завиар 3 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон байна. Эрлийг өнөөдөр 08:00 цагаас дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!