Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалтын дүнг зарлалаа

ikon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Австралийн Элчин Сайдын Яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2019-2020 оны сонгон шалгаруулалтын дүн гарчээ.

Нийт 9 байгууллага шалгарч, эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг олон чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

“Жил тутам зарлан хэрэгжүүлдэг бичил төслийн хөтөлбөр нь Монгол Улсад ядуурлыг бууруулах, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодит үр дүн гаргахад байгууллагууд, иргэний нийгэмд дэмжлэг үзүүлж байна” хэмээн Элчин Сайд Дэйв Воусэн хэлэв.

Шалгаруулалтад амжилттай оролцож, сонгогдсон 9 байгууллага дараах төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн  нийт санхүүжилтийн хэмжээ 192,000 мянган австрали доллар аж.

  1. Монголын Пара Бочигийн Холбооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан идэвхжүүлэн дэмжих төсөл. Энэхүү төсөл нь нийт улсын түвшинд тархины саажилт, булчингийн дистрофи өвчтэй хүүхдүүдийг Бочи спортын дугуйлан, уралдаан, болон үндэсний тэмцээнд оролцоход нь дэмжинэ. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг асуудал, тэдний хөгжил, улс орондоо оруулж болох боломж, чадварын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулагдах болно. Төслийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хот болон аймгуудын 5,241 хүүхдэд хүрэх болно.
  2. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай Төвөөс эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх замаар ээр дамжуулж зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл. Нийгмийн Хамгааллын Тусгай Төвөөс хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Улаанбаатар хотын нэн ядуу, орон гэргүй иргэдийн дунд гялгар уутыг орлуулах эко даавуун тор үйлдвэрлэх дадлагын сургалтуудыг зохион байгууж, орлогын эх үүсвэртэй болох боломж бүрдүүлэхэд чиглэнэ.
  3. Эрүүл Мэндийн Хөгжлийн Гүүр ТББ гидропоник тариалангийн технологийг нэвтрүүлж, хөдөө орон нутгийн эмзэг өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл. Төв аймгийн Батсүмбэр сумын зарим айл өрхийг дэвшилтэт гидропоник технологи бүхий тэжээлийн хүлэмжийн аж ахуйг туршин нэвтрүүлэх үйл ажиллагаанд хамруулах, сум болон ойр орчмын газар нутагт технологийг ашиглах боломжийг сурталчилж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд тусална. 
  4. Сайн Хөрш нийгэмлэгийн "Сэргэлт" төсөл. Энэхүү төслөөр Улаанбаатар хотод байгаа орон гэргүй, архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ.
  5. Хорт хавдрын хяналтын “Урьдчилан сэргийлэх-Дахин илрүүлэлтийн” системийг боловсронгуй болгох. Энэ төсөл нь Хавдар судлалын үндэсний төвийн хяналт болон бүртгэлийн системийг сайжруулахад чиглэн хэрэгжих бөгөөд өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээнд хурдан шуурхай бүртгүүлэх, эмчилгээ, биеийн эрүүл мэнддээ цаг алдалгүй хянах боломжтой болох юм.
  6. Өрхийн газар тариалангийн үйлдвэрлэл ТББ-аас хэрэгжүүлэх Монгол Оёдол. Энэ төсөл нь Өвөрхангай аймгийн амьжиргааны түвшин доогуур өрхийн эмэгтэйчүүдэд эко бизнес эрхэлж, ажлын байр, орлогын эх үүсвэртэй болох боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Оёдлын хаягдал материал, өөдөс ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг хэмжээний оёдлын бизнес эрхэлж, бүтээгдэхүүнээ зах зээлд зарах борлуулахад дэмжлэг үзүүлэх болно.
  7. Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас хэрэгжүүлэх Булган суман дахь Хүчирхийллээс хамгаалах үйлчилгээ. Энэ төсөл нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, сэргийлэх чиглэлээр олон нийтийн дунд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, сургалт зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрыг байгуулж, ажиллуулна.
  8. Кристина Нобелийн Хүүхдийн сангаас хорих анги дахь хөвгүүдэд зориулсан тусгай мэргэжлийн сургалт. Уг төсөл нь хорих ангид байгаа хүүхдүүдэд туслах, түүнчлэн тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, сурах орчин, мэргэжлийн сургалтаар ханган, төлөвшин нийгэмшихэд нь туслах зорилготой.
  9. АШУҮИС-ийн Яаралтай тусламж болон зайлшгүй мэс заслын тасагтай хамтарч Даланзадгад дахь Цогтцэцэций сум дундын эмнэлэг, БОЭТ-ийн чадавхийг нэмэгдүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах. Уг төсөл нь сум дундын эмнэлэгт мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, хэрэгцээтэй эмнэлгийн багаж хэрэгслээр хангах замаар Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхээр зорьж байна. Улаанбаатар хотын шилдэг эмч нар сумын эмнэлгүүдэд очиж мэс засал хийх, орон нутгийн эмч, сувилагчдыг дагалдуулан сургах, эмнэлгийн удирдамж, гарын авлага боловсруулан гаргаж, хангах болно.

Олон байгууллага нийгэмд чухал хэрэгцээтэй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлдэг бөгөөд 9 байгууллагын хичээл зүтгэлд хувь нэмэр оруулж байгаадаа Элчин сайдын яам баяртай байгаагаа илэрхийлэв. 

 

Эх сурвалж: Австралийн Элчин Сайдын Яам