Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баасан: Иргэд мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс болж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдвээр мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч наймдугаар сард Олон нийтийн зөвлөлийнхөн Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд болон Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дарьганга, Замын-Үүд, Айраг, Шивээговь сумдад ажиллажээ. Энэ хугацаандаа түүврийн аргаар 640 иргэнийг судалгаанд оролцуулж, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн 1,258 ширхэг материал түгээж, авлигаас ангид байх дотоодын болон олон улсын мэдээллийг 420 орчим иргэнд таниулан, 40 иргэнтэй уулзаж, Орон Нутгийн Хөгжүүлэх Сан, Сум Хөгжүүлэх Сангуудаас зээлээр хэрэгжиж буй ЖДҮ-ийн 11 нэгжийн үйл ажиллагаатай танилцсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Уг ажлынхаа үр дүнг Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээллээ. Тэрбээр "Орон нутагт судалгаанд хамрагдсан иргэдийн

  • 91.4 хувь орон нутгийн төсвийн хэмжээгээ мэдэхгүй,
  • 96.9 хувь Орон Нутгийн Хөгжүүлэх Сан, Сум Хөгжүүлэх Сангийн төсөв, зээл олголт буцаалтын талаар мэдэхгүй,
  • 77.03 хувьд Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт явагдаагүй,
  • 90.6 хувь нь Авлигыг мэдээлэх утас байдгийг мэдэхгүй,
  • Эмнэлэг, ЗДТГ, Хууль хүчний байгууллага хүнд суртал чирэгдэл ихтэйгээрээ тэргүүлж байна.

Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээнээс манай улсад хийсэн судалгааны тайланд,

"Монгол Улсад өндөр түвшний авлига газар авсан байна. Улс төрийн албан тушаалтнуудын шударга ёсны хэм хэмжээг тогтоосон дүрэм журмын хэрэгжилт сул байна. Монголчуудын 81 хувь нь авлигыг мэдээлэх шууд утас байдагталаар мэддэггүй. АТҮХ-ийн талаар оролцогчдын 70.7 хувь нь мэдэхгүй гэсэн байна" хэмээн дурдсан нь хөдөө орон нутагт  явуулсан судалгааны дүнтэй мөн давхацлаа.

Түүнчлэн төрийн албын тогтолцоо данхар болсон байна. Татвар, НД, Халамж, Газар, Бүртэл, Байгаль хамгаалах гэх мэт босоо тогтолцоотой, орон нутагт огт захирагддаггүй алба ажиллаж байгаа нь хэт үрэлгэн гэж үзлээ. Тухайлбал, 2,000 гаруй хүн амтай суманд бүртгэгч өдөрт нэг л хүн бүртгэж байна. Өмнө нь уг ажлыг өөр ажилтай хавсраад хийдэг байсан.

Авлигаас ангид байх гол үндэс нь төсвөө, сангуудын хуримтлал хөрөнгөө, хэдэн төгрөгийн зээл хэн авч байгааг, ямар үйлдвэрлэл явуулах гэж байгааг, ашиг сонирхолын зөрчилгүй байхын тулд яаж ажиллаж байгаа зэрэг иргэд зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах, АТГ-ын мэдээлэл хүлээн авах утсыг нийтийн нүдэнд байрлуулах зэрэг ажлуудыг улсын хэмжээнд явуулахыг Засгийн газраас үүрэг болгох хэрэгтэй байна" гэлээ.

Иргэдэд мэдээлэл түгээхгүй байгаа, иргэд мэдээлэл нэхэж авахгүй байгаа нь авлига хээл хахууль, ашиг сонирхолын зөрчил үүсч , албан тушаалаа урвуулан ашиглах, бусдад давуу байдал бий болгох, төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдахад хүргэх эрсдэлтэйг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс онцолсон юм.

Тиймээс эхний ээлжинд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг мэдээлэх утсыг иргэдэд таниулах шаардлагатай байгааг хурлын үеэр хэлж байлаа.