Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Зоригоо: УАЗ 469 машинууд хилээр зөвхөн хүн тээвэрлэж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар буюу Шинэ боомт ашиглалтад орох хүртэл хугацаанд түр горимд шилжүүлсэн.

Энэ хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтрүүлж байгаа бол ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт ороогүй юм.

Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Гаалийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн Гаалийн шалган нэвтрэх товчоо шинээр байгуулагдаж байгаад баяртай баяртай байна.

Хуучин боомтыг шинэчилж байгаатай холбогдуулан тэнд хяналтын үйл ажиллагаа явуулдаг байсан бүх байгууллагууд маань Чөлөөт бүсийн талбайн байр савыг түр хугацаагаар ашиглахаар ирж, түр горимоор ажиллаж байна.

Түр горимоор ажиллагаа явуулж буй талбай жижигхэн учраас бид зөв зохицуулалт хийж, талбайгаа ашиглах ажлыг зохион байгуулсан. 

УАЗ 469 маркийн машин нь үндсэндээ ачаа ачихаа больсон бөгөөд зөвхөн хилээр хүн тээвэрлэх зориулалттай үйл ажиллагаагаа явуулж байна. 

Харин ачааг ачих микро автобусыг тусад нь ялган, тусгай хэсэг гарган ажиллаж байна.

Гааль цахимжиж, бүх хяналтын ажил байцаагчийн оролцоогүйгээр явагддаг учраас бид цахилгааны хувьд нэлээд анхаарч ажилласан.

Маш том бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбоотойгоор түр хугацаанд энэ маягаар үйл ажиллагаа явуулах болсныг иргэд зөвөөр ойлгож, хүлээж авч байгаад талархаж байна" гэв.

Гэрэл зургийг mpa.mn

Иргэн Д.Жавзан "Би 12 дахь жилдээ хоёр хилийн хооронд зорчигч зөөж байна. Монголын хилийн боомт одоо бол ямар ч түгжрэл, урт дараалалгүй байна. 

Зорчигч тээвэр болон ачаа тээвэр гэж хоёр тусдаа үйл ажиллагааг нь авч байгаа нь бидэнд маш таатай байна.

Зорчигчид ч энэ тал дээр ам сайтай байгаа. Замын-Үүдийн боомтыг шинэчлэх ажил нь маш цаг үеэ олсон иргэдийн хүлээлтийг үүсгэсэн бүтээн байгуулалт болж байна гэж би харж байна.

Миний баримжаа тооцоогоор өдөрт хилээр 15 мянга орчим зорчигч, 1,000 орчим машин явж байна. Ийм ачаалал их байсан ч манай гаалийн байгууллага болон бусад холбогдох байгууллагууд чадах чинээгээрээ түргэн шуурхай нэвтрүүлж байгаад баярлаж байна.

Шинэ боомт маань ашиглалтад орохоор үйл ажиллагаа нь улам сайжирна гэж итгэж байна” гэсэн юм.

Иргэн Т.Баяраа “Би сүүлийн таван жил хилээр зорчигч тээвэрлэж байна. Чөлөөт бүсийн хувьд Эрээний боомтоос ялимгүй зайтай учраас автомашинууд энд цуварч ирж байгаа. Иймд урт дараалал үүсэхгүй амар санагдаж байгаа. 

Гэхдээ долоо хоногийн зарим ачаалал ихтэй өдрүүдэд бага зэрэг дараалал үүсэх нь бий” гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn

Замын-Үүд боомтоор өдөрт 2,500 орчим хүн зорчиж, 700 гаруй машин үйлчилдэг байна.