ЗӨВЛӨМЖ: Марафоны холын зайд гүйх иргэд чипийг энгэрийн дугаараас хуулж болохгүй
Энэ сарын 23-ны Бямба гарагт болох "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын амжилтын хугацааг олон улсын стандартын дагуу өндөр нарийвчлалтай хэмжих зорилгоор Германы Race result компанийн хугацаа хэмжих системийг ашиглахаар болжээ. Уг систем нь олон улсын марафон болох Берлин, Лондон, Парис марафон, мөн триатлоны тэмцээнүүдэд өргөн хэрэглэгддэг аж.
Энэ жилийн марафонд 42 км, 21 км болон 10 км-ийн бүх гүйгчид хурд хэмжигч чиптэй гүйх бөгөөд маршрутын дагуу байрласан хэмжигч гудсан дээгүүр заавал дамжин өнгөрөх шаардлагатай байна.
- Хяналтын цэгүүдийг гараа
- Өгөөмөр захын нүхэн гарц орчим
- Амгалан өртөөний эргэлтийн цэг
- International School of Ulaanbaatar орчим
- Гадаад Харилцааны Яамны уулзвар
- Барианы хэсгүүдэд байршуулсан.
Хурд хэмжигч чип нь маш нимгэн, хөнгөн бүтэцтэй, оролцогчийн энгэрийн дугаартай холбогдсон системээр ажиллана. Барианы хугацаа, байр эзлэлт, завсрын хугацаа, үр дүнгийн батламж зэрэг бүх албан ёсны мэдээлэл чипээр дамжин бүртгэгдэх учраас оролцогчид энгэрийн дугаараа зөв байрлуулж, чипийг нугалах, хуулж салгах, норгох, гэмтээхгүй байх, мөн хэмжигч цэгүүдийг бүрэн нэвтэрч өнгөрөхийг зохион байгуулагчид онцгойлон анхааруулав.
Чип ашиглах зөвлөмж:
- 42 км, 21 км болон 10 км зайн бүх гүйгчид хэмжигч цэгийг тойрч гарах, алгасах, бүрэн нэвтрээгүй тохиолдолд чипийн мэдээлэл уншигдахгүй байх эрсдэлтэй.
- Энгэрийн дугаарын ард байрлах чипийг нугалж болохгүй. Чипийг нугалснаар доторх дамжуулагч гэмтэж хугацаа бүртгэгдэхгүй болох эрсдэлтэй.
- Чипийг энгэрийн дугаараас хуулж болохгүй. Чип нь тухайн энгэрийн дугаар дээр бүртгэгдэж наагдсан тул салгаж ашиглахгүй, босоо байрлалтай зүүх.
- Чипийг норгож, гэмтээж болохгүй. Хэт их ус, механик гэмтэл нь чипийн ажиллагаанд нөлөөлж болзошгүйг анхаарна уу.
- Электрон төхөөрөмжөөс хол байлгах. Гүйх үед гар утас, powerbank, bluetooth төхөөрөмж зэрэг электрон хэрэгслээс чипийг аль болох хол байлгахыг зөвлөв.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

