ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг иргэд, төмөр замчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Монголд иржээ

ikon.mn
24 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

РЖД буюу “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн "Гэгээн Пантелеймон" эмнэлгийн галт тэрэг 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Монгол Улсад ажиллахаар өнөөдөр ирлээ. Уг галт тэргийг угтан авах ёслол Улаанбаатар зорчигч тээврийн төв буудал дээр болов.

Ёслолын ажиллагаанд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага, Эрүүл мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ОХУ-ын Элчин сайдын Яамны элчин зөвлөх А.В.Ивахин зэрэг албаны хүмүүс оролцлоо.

“Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг нь манай улсын төмөр замын дагуух өртөө зөрлөгийн төмөр замчид, нийслэл, аймаг орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

зураг
 

Энэхүү хүмүүнлэгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг болон ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг санаачлан зохион байгуулж байгаа юм.

Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд мэргэжлийн чанартай эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалттай 14 вагоноос бүрддэг энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм.

Эмнэлгийн галт тэрэгний эмч, эмнэлгийн ажилтнууд нь дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийхээс гадна өндөр нарийвчлалтай ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентген оношилгоо хийж, түргэвчилсэн лабораториор шинжилгээ авна.

ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ХУВААРЬ:

Эмч нарын үзлэг, оношилгоо дараах өртөөдөд доорх өдрүүдийн 08:00-18:00 цагийн хооронд явагдана:

  • Замын-Үүд-1 өртөөнд 5 дугаар сарын 19, 20-нд;
  • Сайншанд өртөөнд 5 дугаар сарын 21, 22-нд;
  • Чойр өртөөнд 5 дугаар сарын 24, 25-нд;
  • Улаанбаатар-1 өртөөнд 5 дугаар сарын 26, 27, 28-нд;
  • Зүүнхараа өртөөнд 5 дугаар сарын 30, 31-нд;
  • Дархан-1 өртөөнд  6 дугаар сарын 1, 2-нд;
  • Сүхбаатар өртөөнд  6 дугаар сарын 3, 4-нд.

/Үзлэг, оношилгоо хийлгэх хүмүүс Төмөр замын төв эмнэлгийн харьяа тухайн өртөөний эмч нарт бүртгүүлж үзлэгийн цаг авна./

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.