Swatch-Audemars Piguet брэндүүдийн хамтран бүтээсэн бугуйн цагны төлөө тэмцэл дэлхийн олон хотод үймээн дэгдээв

С.Мөнхцэцэг, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Швейцарын хоёр том компанийн хамтын бүтээл болох хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн бугуйн цаг өнгөрсөн Бямба гарагт худалдаанд гарсан нь Европын хэд хэдэн хот, Нью Йорк хотод эмх замбараагүй байдал үүсгэж, Парис хотын нэг дэлгүүрийн гадаа цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэхэд хүрсэн байна.

Swatch, Audemars Piguet компаниудын хамтран бүтээсэн “Royal Pop” брэндийн цагийг авах гэсэн олон зуун хүн дэлгүүрийн гадаа дараалалд хоносон юм. Тэдний зарим нь бүр хэд хоног хүлээжээ.

Францын хэд хэдэн хотын дэлгүүрийн гадаа олон зуун хүн дугаарлан зогссоноос Парис орчмын нэг дэлгүүрийн гадна цугларсан 300 орчим хүн эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Дэг журам сахиулах үеэр металл хаалт болон дэлгүүрийн хоёр хаалга эвдэрсэн гэнэ.

Италийн Милан хотын Swatch брэндийн дэлгүүрийн гадна бүтээгдэхүүний нээлтийн үеэр гал гарсан байна.

Нидерландын Гаагийн ойролцоо дэлгүүрийн гадна цугларсан хэдэн зуун хүнийг зохицуулахын тулд цагдаа нар хөндлөнгөөс оролцоход хүрчээ.

Үүний улмаас тус дэлгүүр нээх цагаа хойшлуулж, хүмүүсийг тараасан байна. Амстердам, Утрехт хотууд дахь Swatch брэндийн дэлгүүрүүд бас нээх цагаа хойшлуулжээ.

Нью Йорк хотын Тайм Скюарт байрладаг Swatch брэндийн дэлгүүрийн гадна мөн олон зуун хүн эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

Хурц тод өнгөтэй “Royal Pop” брэндийн бугуйн цагны цуглуулаг дэлгүүртээ $400-$420 үнээр зарагдаж байгаа ч онлайн дэлгүүрүүдэд олон дахин өндөр үнээр дахин зарагдах болжээ.

Нью Йоркийн нэг оршин суугч дөрөв хоног дугаарласны эцэст авсан цагаа $4,000-аар зарснаа хэвлэлд ярьсан байна. Өөр нэг хүн олон хоног дараалалд зогсохын оронд $2,400-аар хувь хүнээс худалдаж авснаа ярьжээ.

Swatch компани Лондон хотын болон Их Британийн бусад зургаан хотын дэлгүүрүүдээ хэт олон хүн цугларсан тул аюулгүй байдлын шалтгаанаар хаасан байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: AFP