“Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын хөрөнгө оруулалтаар 84-р сургуульд уншлагын талбай байгуулж, “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөнийг эхлүүллээ
“Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын хөрөнгө оруулалт, Богд банкны ерөнхий ивээн тэтгэлэгтэйгээр хэрэгжиж буй “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250 мянган хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийн боломжийг бүрдүүлээд байна.
Ингэснээр анх удаа номын баярыг төв талбайгаас гадна хамгийн олон сурагчтай 88 ЕБС дээр “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөнийг эхлүүлж буйн нэг нь нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургууль байлаа. 84-р сургуулийн багш, сурагчдын зүгээс тав тухтай, олон номын сонголттой танхимыг тохижуулж өгсөнд баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.
Энэхүү нээлтээр нийт 88 сургууль Динза Цондоолойгийн анд найзууд ТББ-аас тохижуулж өгсөн цогц уншлагын орчныг хүлээн авсан юм. Үүнд:
- Хамгийн багадаа 50м2 хэмжээтэй сонирхолтой орчин,
- Ном хэрэглэгдэхүүн
- Хүүхдийн урамшуулал шагнал бүхий цогц бүтээн байгуулалт багтжээ.
Зөвхөн унших орчин тохижуулаад зогсохгүй унших чадварын багшийн сургалтыг мөн өгч байгаа аж. Эхний ээлжийн 88 сургууль тус бүрд дунджаар 56 орчим сая төгрөг буюу нийтдээ 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ойрын хугацаанд уг санаачилгыг 12 сургуульд нэмж хэрэгжүүлэн, 5800 багшийг унших чадварыг сайжруулах аргазүйн сургалтад хамруулахаар төлөвлөөд байгаа гэв.
Монгол Улсын хувьд 2023 онд танилцуулсан хамгийн сүүлийн PISA үнэлгээний үр дүнгээр 10 хүүхэд тутмын зургаа нь унших чадварын суурь түвшинд хүрээгүй гэсэн үзүүлэлт гарсан нь анхаарал татаж буй.
Иймээс “Монголын ирээдүй уншихад бэлэн” уриатай “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн нь хүүхдүүдийг уншиж ойлгодог, сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна. Нийслэлийн 88 сургуульд эхлүүлсэн энэхүү үйл хэргийг цаашид 720 сургуульд өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний ном уншлагын хөдөлгөөнд идэвхтэй оролцсон багш нар, сургуулийн захирал, менежер, номын санч, сэтгэл зүйч болон сурагчид боловсрол, хөгжлийн тэтгэлэг авах боломжтой. Энэ нь хүүхдийн унших орчныг сайжруулах үйлсэд хувь нэмэр оруулж буй сургуулийн хамт олон, сурагчдын оролцоог бодитоор үнэлэх, урамшуулах чухал алхам болно гэж үзжээ.
Ташрамд, энэ сарын 15-17-нд Сүхбаатарын талбай дахь Динзагийн асарт зочлон “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөний нээлт, номын баярт хүрэлцэн ирж, хүүхдүүдэд зориулан хамтдаа бүтээж буй уншлагын орчин, сургуулиудын сайн туршлага, сурагчдын оролцоотой танилцах боломжтой юм. Нээлтийн үеэр "Динза Цондоолойгийн анд найзууд" ТББ-ын ивээн тэтгэсэн авьяас билгийн ундарга болсон "Уран хэлхээ-2026" наадмын уран бүтээлчид ирж талархал илэрхийлж, бүжгийн үзүүлбэрээр бэлэг барилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

