Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
Ерөнхий сайд Н.Учралын хотын дарга Х.Нямбаатарыг огцруулсан захирамж албажиж гарсны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын албаны хүмүүс Яармаг дахь Хангарди ордон Улаанбаатар хотын удирдлагын тамгыг хүлээлцлээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5, 65.1.3 дахь заалтыг үндэслэн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулж байгаа юм. Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нийслэлийн нэгдүгээр орлогч Б.Мөнбат хэрэгжүүлж ажиллах юм байна.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр "Нэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан гэж зүгээр хэлээгүй. Манай улс бол нэгдмэл улс, муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг УИХ-тай, нэг Ерөнхий сайдтай улс.
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсныг та бүхэнд танилцуулж байна. Х.Нямбаатар намайг байхгүйд тамгаа гардуулчихсан гэсэн.
Ерөнхий сайдын захирамж гарснаар дараагийн засаг даргыг 14 хоногийн хугацаанд НИТХ-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хуулийн заалттай. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн засаг даргыг томилох хугацаанд Б.Мөнхбат үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн засаг даргын тамгын газар, харьяа байгууллагууд Үндсэн хууль, төр ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн үүргээ хуулийн дагуу хэвийн явуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болгосныг та бүхэн уламжилж, чиглэл болгож байна" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

