- Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоос iKon.mn сайтын сэтгүүлч Г.Өлзийхутаг, гэрэл зурагчин Г.Базаррагчаа /mpa.mn/ нар мэдээлж байна-
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын шав тавих ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.
Энэ үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Замын-Үүд боомт нь Монгол Улсын импортын 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувийг нэвтрүүлдэг хамгийн том боомт юм.
Боомтын шинэчлэлээр нийт талбай найм дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдэнэ.
Түүнчлэн, Монгол Улсын төсвийн санхүүжилтээр шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулна.
Ингэснээр зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж, хилээр нэвтрэх бараа бүтээгдэхүүнд тавигдах хяналт сайжрах чухал ач холбогдолтой” гэлээ.
Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ “Дорноговь аймгийн Замын-Үүд боомт нь Монгол Улсын хилийн хамгийн том боомт учраас маш их ачаалалтай ажилладаг гэдгийг онцолмоор байна.
Монголын гадаад худалдаа, эдийн засаг өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр энэхүү боомтын ачаалал ч төдий хэмжээгээр нэмэгддэг.
Сүүлийн жилүүдэд тус боомтын зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гарч байсан.
Замын-Үүд боомтын ачааллыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал тээврийн хэрэгслийн тоо нь 5.5 хувиар түүн дотроос нийт ачааны тээврийн хэрэгсэл нь 30 гаруй хувиар өссөн дүн харагдаж байна.
Замын-Үүд боомтын шинэчлэл нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засаг болон бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ хууль бус, чанарын шаардлага хамгахгүй бараа, бүтээгдэхүүн хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлж, иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой” гэлээ.
Арга хэмжээнд УИХ-н гишүүн Б.Дэлгэрсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийм дарга С.Наранцогт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэ Жунь, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Дан Инжие, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон бусад холбогдох байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолоор байгуулагдсан “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгж нь хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, аймаг, томоохон суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ "БНХАУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд Замын-Үүдийн боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил жил орчмын хугацаатай.
Гэхдээ бид богино хугацаанд маш яаралтайгаар ашиглалтад оруулахын тулд шахаж ажиллана.
Жилийн хугацаанд төв цогцолборын барилгуудыг ашиглалтад оруулна.
Харин үлдсэн гадна тохижилтын ажлыг ашиглалтад орсны дараа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Боомтын шинэчлэлийн хүрээнд мөн бид Гашуун сухайтаас эхлээд том бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөөд байна” гэлээ.
Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан энэ сарын 1-ний өдрөөс тус боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлсэн.
Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулаад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!