Балбын хоёр алдартай хөтөч тус тусын тогтоосон Эверестийн авиралтын дээд амжилтыг шинэчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Балбын хоёр алдартай хөтөч Эверестийн оргилд гарсан тус тусын дээд амжилтыг шинэчлэн тогтоосноо Ням гарагт зарлажээ.

Тэдний нэг “Эверестийн хүн” хочтой Ками Рита Шерпа өнгөрсөн онд тогтоосон дээд амжилтаа эвдэж, 32 дахь удаагаа дэлхийн ноён оргилд хөл тавьсан байна.

Одоо 56 настай тэрбээр 1994 онд хувийн экспедиц зохион байгуулдаг компанид ажиллаж байхдаа Эверестийн оргилд анх удаа гарч байжээ.

Тэр үеэс хойш Ками Рита бараг жил бүр нэг удаа, заримдаа бүр хоёр ч удаа уулчдыг дагуулан авирдаг болсон байна.

Дээд амжилтаа шинэчилсэн хоёр дахь хөтөч нь “Уулын хатан хаан” хэмээн алдаршсан 52 настай Лхакпа Шерпа болжээ.

Тэрбээр 11 дэх удаагаа Эверестийн оргилд гарч, өөрийн тогтоосон эмэгтэйчүүдийн дээд амжилтыг эвдсэн байна.

Лхакпа 2000 онд эхний удаа авирахдаа Эверестийн оргилд амжилттай гарч, амжилттай буусан Балбын анхны эмэгтэй болж байжээ.

Өнгөрсөн онд далайн түвшнээс дээш 8,849 метрийн өндөрт дахин гарахдаа Ками Рита өөрийгөө “зүгээр л ажлаа хийж байна”, ямар нэг дээд амжилт тогтоох зорилгогүйг хэлж байв.

Тэрбээр 1953 онд Эдмунд Хилларитай хамт Эверестийн оргилд анх удаа гарч байсан Тэнзин Норгайтай адил Балба улсын Солухумбу дүүргийн Тэме тосгонд төрсөн хүн юм.

Балба улс энэ оны гурваас тавдугаар саруудад үргэлжилдэг авиралтын улиралд Эверестэд авирах 492 зөвшөөрөл олгосон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Хиллари, Норгай хоёрын авиралтаас хойш 8,000 гаруй хүн дэлхийн ноён оргилд гарсны зарим нь хэд хэдэн удаа давтаж байв.

Шерпа бус хөтчүүдээс Британийн Кэнтон Күүл 19 удаа авирсан үзүүлэлтээр дээд амжилт эзэмшдэг. Түүний дараа 15 удаа авирсан Америкийн уулчид болох Дэйв Хан, Гаррет Мэдисон нар эрэмбэлэгддэг ажээ.

Тэднээс Күүл, Мэдисон нар хувийн амжилтаа эвдэхээр одоо Эверестэд авирч байгаа юм байна.

 

Эх сурвалж: Reuters