Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд хууль бус уул уурхайн олборлолт хийж байгааг эсэргүүцэв
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутгийн иргэдийн шүтээн, аймаг сумын есөн гайхамшгийн нэг Хүрэн ханын нуруунд хууль бус уул уурхайн олборлолт хийж байгааг тус сумын малчид эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл өглөө.
Уг бүсэд нээгдэхэд бэлэн болоод буй дөрвөн уурхайн нөлөөллийн бүсэд Гурван тэс сумын Баясах багийн малчид бүгд хамаарна гэдгийг тэд онцлов. Түүнчлэн Баясах багийг тойруулаад хүн гишгэх зайгүй лиценз олгочихсон байгааг төрийн түшээд эргэж хараач ээ гэв.
Эсэргүүцэгчдийн төлөөлөл "Хүрэн ханын нурууг ухах гэж байгаа гурван уул уурхайн компани үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Гурван тэс сумын уугуул суугуул 10 гаруй иргэдийн хүсэлтийг Баясах багийн 100 хэдхэн хүний саналаар дэмжсэнд тооцож, нарийвчилсан үнэлгээгээ хэлэлцүүлснийг эсэргүүцэж байна. Эрдэс баялаг, уул уурхайн яам, Ерөнхий сайдтай уулзахыг хүсэж байна. Гурван тэс сум маш олон уул уурхайтай" гэв.
Эсэргүүцэгчдийн төлөөлөл "Гадаадын харьяат ажилчдыг квотгүй болгосноор мах, ногоо, уул уурхай зэрэг бизнесийн бүх салбарыг хятадууд атгаж эхэллээ. Говь цөлжиж байгаа. Хүрэн ханын хэцэд ямар ч уул уурхайг явуулахгүй. Одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа уурхайг зогсоох хүсэлтэй байгаа" гэв.
Эсэргүүцэгчдийн төлөөлөл "Хүрэн ханын хэц бол аялал жуулчлал хөгжиж болох үзэсгэлэнтэй газар ч ард урдаас нь ухаад байна. Уул уурхайгаар ашиг хүртэхээ больсон учир аялал жуучлалаа хөгжүүлмээр байна. Эдгээр компаниуд усны зөвшөөрлөө аваагүй. Нутаг усгүй бол мал маллах шаардлагагүй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




