НИТХ-ын төлөөлөгчид хуралдаж хотын шинэ даргыг сонгож, Ерөнхий сайдад уламжилна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн Бямба гарагт /2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй биечлэн уулзсан. Үүний дараа Төрийн ордонд хууль хяналтын байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ хотын дарга Х.Нямбаатарыг бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл хотын даргыг огцруулсан Ерөнхий сайдын шийдвэр албажиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д очих учиртай. Энэ дагуу НИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцэж дараагийн хотын даргын нэр дэвшүүлэлтийг зохион байгуулах хуулийн зохицуулалттай.
Харин хотын дарга Х.Нямбаатарын хувьд албан тушаалаа нэр төртэй хүлээлгэж өгнө хэмээн мэдэгдээд байгаа юм.
Нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар 15 хоногийн дотор нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилдаг хуультай. Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг батламжилснаар бүрэн эрхийн хугацаа эхэлдэг. Хэрэв Ерөнхий сайд батламжлахгүй бол НИТХ дээр дахин санал хураалт явагдаж, нэр дэвшүүлэх бөгөөд тухайн нэр дэвшигчийг таван хоногийн дотор батламжлах ёстой юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль: 56.2.Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.
- 56.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
- 56.3.1.дээд боловсролтой;
- 56.3.2.төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
- 56.3.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
- 56.3.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
- 56.3.5.ялгүй байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

