Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн эзгүйрсэн мужид нүүж суурьшсан хүнд 25,000 евро бэлэглэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Италийн өмнөд хэсгийн Молисе мужийн хүн ам жилээс жилд цөөрч байгаа. Тиймээс мужийн захиргаа шинээр ирж суурьшсан хүн бүрт эхний гурван жилд сар бүр 700 евро урамшуулал болгон төлөх болсноо зарлажээ.

Гэхдээ энэ мөнгө зүгээр олдохгүй. Шинээр суурьшигч нь Молисе мужийн суурингууд дотроос 2,000 хүрэхгүй оршин суугчтай тосгонд амьдрах ёстой бөгөөд тэндээ заавал ямар нэг бизнес эхлүүлэх ёстой.

Молисе мужийн захирагч Донато Тома “Хэрвээ биднээс мөнгө авсан бол хариуд нь ямар нэг тустай зүйл хийх ёстой. Суурьшигчид хөрөнгө оруулалт хийж, талхны цех, бичиг хэргийн дэлгүүр, ресторан гээд ямар нэг үйл ажиллагаа заавал явуулах хэрэгтэй. Ингэснээр хүн амаа өсгөөд зогсохгүй эзгүйрсэн тосгодоо амь оруулах юм” гэж ярьжээ.

Тэрээр бас 2,000 хүрэхгүй хүн амтай тосгон суурингуудын дэд бүтэц, амьдрах нөхцлийг сайжруулахад зориулж тус бүрт нь 10,000 евро олгохоор төсөвлөсөн байна.

Молисе мужид сүүлийн байдлаар 305,000 оршин суугч тоолуулжээ. 2014 оноос хойш энэ мужаас 9,000 гаруй хүн Италийн өөр бүс нутгууд руу нүүсэн байна.

Зөвхөн 2018 онд хүн амын тоо нь нас барсан, нүүсэн нийлээд 2,800 орчим хүнээр хорогджээ. Энэ нь өмнөх оноосоо 1,000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Гэтэл өнгөрсөн онд тус мужийн есөн тосгонд ганц ч хүүхэд шинээр төрөөгүй гэнэ.

Итали нь ирэх таван жилийн хугацаанд хүн амын тоо нь хорогдох Европын цорын ганц өндөр хөгжилтэй улс болсныг НҮБ-ын тоо баримт харуулж байна.

100 залуу хүн тутамд 65-аас дээш насны 168.7 хүн оногдож байгаа нь зөвхөн Японы дараа орох муу үзүүлэлт болжээ.

Сүүлийн жилүүдэд Италийн эзгүйрсэн бүс нутгууд хүн амаа нэмэх янз бүрийн арга хэрэглэж байгаа. Жишээ нь Сицилийн Калтаниссетта муж хоосон байр сууцнуудаа Африкаас ирсэн дүрвэгчдэд нээж өгсөн байна.

Өөр нэг муж Самбука эзгүйрч, хоосорсон байрнуудаа нүүж ирэхийг хүссэн хүмүүст бэлгэдлийн нэг еврогийн үнээр зарах нөхцлөө зарлаж байв.

 

Эх сурвалж: The Guardian