Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадмын үеэр Японы “мандах наран” далбааг хориглохыг Өмнөд Солонгос улс хүсэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ирэх зун Токиод болох зуны олимпийн наадмын үеэр Японы “мандах наран” далбааг хориглохыг Өмнөд Солонгос улс албан ёсоор Олон Улсын Олимпийн Хорооноос (ОУОХ) хүссэн байна.

Өмнөд Солонгосын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас ОУОХ-ы ерөнхийлөгч Томас Бахд бичсэн захидалд 2020 оны олимпийн үеэр Япон улс энэхүү бэлгэдлийг стадион, спортын байгууламжуудад хэрэглэхийг зөвшөөрөх гэж байгаад санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Тал тал тийш тэлсэн 16 цацраг бүхий улаан нарны дүрстэй уг далбааг Өмнөд Солонгосын иргэд дэлхийн хоёрдугаар дайны үеийн гашуун түүхтэй холбоотой, Японы милитаризмын бэлгэдэл гэж үздэг.

Өнгөрсөн сард Сөүлийн эрх баригчид Токио 2020 наадмын зохион байгуулагчдад хандаж, ийм хүсэлт тавьсныг Японы тал хүлээж аваагүй юм.

Наадмын зохион байгуулагчид “мандах наран” далбаа нь ямар нэг улс төрийн агуулгагүй бэлгэдэл тул хориглох боломжгүй гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын засгийн газраас ОУОХ-ы ерөнхийлөгчид илгээсэн захидалд уг далбаа нь Өмнөд Солонгос, Хятад зэрэг Азийн бусад орнуудын иргэдэд дайны үеийн эзлэн түрэмгийллийг сануулдаг бөгөөд Европчуудад Нацистын хас тэмдэг дэлхийн хоёрдугаар дайныг сануулдагтай адил бэлгэдэл гэж тайлбарласан байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо FIFA урьд нь Өмнөд Солонгосын хүсэлтээр тэмцээн уралдаануудынхаа үеэр “мандах наран” далбааг хориглох болсон юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun