Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Алт тушаалт 2019 онд өнгөрсөн жилийн түвшинд хүрэхгүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн зах зээл дээрх алтны ханш унци тутамдаа 1,549 ам.доллар болж, сүүлийн зургаан жилийн дээд түвшиндээ хүрээд буй. Гэвч үнийн өсөлттэй энэ үед Монголбанканд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оныхоос буураад байгаа юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ 2.5% байсан АМНАТ-ыг 5% болгон нэмэгдүүлсэн.

Нөгөө талаар алт олборлолт буурч байгаа талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дурдсан юм. Тэрбээр "Дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор улс орнуудын Төв банкууд доллар, юаньд эрсдэл үүсэхээс болгоомжилж, өөр дээрээ байгаа валютын нөөцийг өөр валютад шилжүүлэх буюу алтыг нөөцөлж хадгалж эхэлсэн. Тухайлбал, ОХУ-ын Төв банк 100 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алтны нөөцтэй болсноо зарласан бол ХБНГУ-ын Төв банк валютын нөөцөө алтаар байршуулахаа зарласан. Зах зээлийн энэ хандлагатай холбоотойгоор сүүлийн үед алтны ханш өсөж байгаа. 

Монгол Улсын хувьд алтыг зөвхөн Монголбанканд л тушаах хуультай. Өнгөрсөн онд авч байснаас энэ жил бага алт тушаагдаж байгаа нь АМНАТ 2.5 байсан нь 5% болж нэмэгдсэнтэй холбоотой. Түүнээс гадна Ашигт малтмал, газрын томны газраас авсан мэдээллээс харвал энэ жил алт олборлолт болон үйлдвэрлэл өмнөх жилээсээ бага байгаа гэсэн тоо байна" гэсэн юм.

Монголбанк 2019 оны эхний найман сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-аар буурсан үзүүлэлттэй байна. Харин алтны дэлхийн зах зээлийн ханш он гарснаас хойш 16% өсжээ.

Өнгөрсөн оны хувьд 22 тонн алт худалдан авснаар валютын нөөцөө 800 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин онцлоод 2019 онд энэ хэмжээнд хүрэхгүй гэдгийг хэлсэн юм.