Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна"

Б.Ану
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө буцааж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ерөнхийлөгчийн УИХ-ын даргад хүргүүлсэн саналыг уншиж танилцууллаа.



"Монгол Улсын Их хурал улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдлээ.

Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж, орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал бэрхшээлийг нэгмөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажлыг давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой, тогтвортой болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, гишүүдийг улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.

Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

УИХ, АН-ын санал шахалтаар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна.

Гэхдээ ач холбогдол муутай төсөл тусгах бус, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч нэгмөр асууж шийдвэрлэх ёстой. 

Тодруулбал, Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна.

Миний бие ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд  шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж нийтээр хэлэлцүүлэн  батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улстөрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ.

Тиймээс үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье" гэжээ.

УИХ -д 40 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байна

Гэрэл зургийг mpa.mn

Энэхүү саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд тайлбарлахдаа  "Ард нийтийн санал асуулгыг 2019 оны аравдугаар сарын 30, 31-нд улс орон даяар явуулах болон бусад бүх заалтууд нь УИХ-ын гишүүдийн өргөн барьсан санал асуулгын хуваарьтай адилхан байгаа.

Одоо УИХ-ын Тамгын газар үүнийг хүлээж аваад, анхны хэлэлцүүлэг нь явж байгаа төрийн байгуулалтын байнгын хороо руу оруулаад Ерөнхийлөгчийн нэг л саналыг нэмэх гэж байгаа юм. Энэ нь юу вэ гэхээр, 30 тэрбум төгрөгөөр гуравхан асуулт асуух гэж байгаа бол нэг асуулт 10 тэрбум төгрөгний үнэтэй байх юм байна. Тэгэхээр УИХ хоёр асуулт асуучих гэсэн саналыг өргөн барьж байгаа юм.

Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч ч , Ардчилсан Нам ч оролцохгүй, дан МАН-ын төсөл утгаараа батлагдах нь зөв гэж үзсэн гэлээ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр явуулах ард нийтийн санал асуулгыг явуулахдаа ард иргэдээс Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглалыг дэмжих үү гэж асуух нь зүйтэй гэдэг саналаа тайлбарласан юм.

Учир нь өнөөдрийг хүртэл засагласан 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн бүх нөөц боломжийг ашиглалаа. Тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа учир ийм өөрчлөлт хийхийг улстөрчид биш олон нийтээсээ асуух нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ энэ нь Х.Баттулга гэж хүнтэй холбож ойлгох нь утгагүй. Ард нийтээс ийм асуулт асуугаад гарах үр дүн нь дараагийн парламент, ерөнхийлөгчид хамаатай алсыг харсан шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй гэж байв.

Мөн тэрбээр одоогийн УИХ-д 40 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байна. Ийм УИХ-д хариуцлага тооцох тухай ярих ёстой гэж байлаа.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын 80 хувь нь хасагдсан бол УИХ-ын гишүүдийн саналын 80 хувь нь дэмжигдсэн гэв.