Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батсүрэн: Хээрийн бүс илүү их цөлжиж байна

Д.Чанцалдулам, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулиас санаачлан “Төв ба зуун хойд азийн уур амьсгалын өөрчлөлт, Хүрээлэн буй орчин” олон улсын хурлыг энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг анхдугаар хуралд Монгол, Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, БНХГУ гэсэн зургаан орны 60 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа юм. Энэ үеэр Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн судлаач, доктор Д.Батсүрэнтэй ярилцлаа.

-Анх удаа зохиогдож байгаа хурлын гол зорилго нь юу вэ?

-Энэхүү хурлаар уур амьсгалын өөрчлөлт нь төв болон зүүн хойд Азийн бүс нутагт хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл солилцож байгаа юм. Үүнтэй холбоотой хүрээлэн буй орчинд гарч байгаа өөрчлөлтийн тухай яригдаж байна.

Байгаль орчин хүний амьдралд шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлж байгаа талаар олон орны судлаачид судалгааныхаа үр дүнг хуваалцаж байгаагаараа онцлог. Мөн хэд хэдэн давуу тал бий болж байгаа. Судлаачид хамтран судалгаа хийх боломж олгож байгаа юм. Эрдэмтэд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг хоорондоо солилцож байна.

-Та энэхүү хуралд илтгэл тавилаа. Илтгэлийнхээ талаар тодруулахгүй юу?

-Миний хувьд Байгаль нуурын гол сав газруудын уур амьсгал болон бусад талаас нь хэрхэн өөрчлөгдөөд байгаа талаар судалсан. Судлаад үзэхэд, Байгаль нуурын сав газар дотор Сэлэнгэ мөрний сав газар орж байгаа юм.

Монгол Улсын хамгийн их устай Хараа, Ерөө, Туул, Идэр, Мөрөн гээд хойшоо урсаж байгаа бүх голууд Сэлэнгэ мөрний сав газарт хамрагддаг. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад голын ус зүйн дэглэм хэрхэн яаж өөрчлөгдсөн талаар судалж гаргасан.

Уур амьсгалын хамгийн том мэдрэгч нь ус юм. Хүрээлэн буй орчны бүх элементэд ус чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, ус байхгүй бол хүрээлэн байхгүй, хөрс байхгүй, хүн байхгүй болно. Ус зүйн өөрчлөлтөд гол хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт юм. Энэ хоёрыг харьцуулаад шинжилж байгаа. Байгаль нуурын сав газар доторх уур амьсгалын өөрчлөлтөд хагийн их өртөж байгаа нь Сэлэнгэ мөрний сав газар юм.

Жишээ нь, 1979-2017 он хүртэл Монголын төв хэсэг болсон Сэлэнгэ мөрний сав газар бол температур 1.6-8 хэм цельсээр өссөн байна. Гэтэл Байгаль нуурын хойд хэсгээр температур 0.8 градусаар л нэмэгдсэн. Температур нэмэгдэхээр ууршилт ихэссэн гэсэн үг.

Ууршилтын хэмжээ ихсэхээр хөрсөн дахь чийгийн агууламж буурч байгаа юм. Ган, цөлжилтийн асуудал чийгийн агууламж буурсантай холбоотойгоор үүдэж гардаг. Монголд зун нь ган болох юм бол өвөл нь зуд болж байгалийн өөрчлөлт гардаг. Температур нэмэгдээд, голын ус болон хур тунадас өөрчлөгдөөд байгаа нь жижигхэн зүйл юм шиг санагдаж магадгүй.

Хүрээлэн буй орчинд шууд болон дам нөлөөллийн хүчин зүйл асар их байгаа юм. Маш олон зүйл дагаад өөрчлөгдөж байна. Тухайлбал, бороо ордог хугацаа болон давтамж нь өөр болсон. Үүнийг дагаад нийгэм болон газар тариалан, мал аж ахуй зэрэг маш олон зүйл өөрчлөгдөж байна.

Ийм учраас үүнийг сайн судлаад шийдвэр гаргадаг хүмүүс үйл ажиллагаандаа тусгаж явуулаасай гэж хүсэж байна.

-Дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Нэгдүгээрт, хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь байгалийн өөрчлөлтүүд. Тодорхой хугацаанд дулаан хүйтэн үүсгэх гэх мэт өөрчлөлт явагддаг. Гэтэл сүүлийн үед хүн төрөлхтний хөгжил, хүний үйл ажиллагаатай холбоотой асар том нөлөөлөл бий болж байна.

Агаар мандалд байх усны уур, нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл, озон зэрэг хий нь хүлэмжийн хийг бүрдүүлэх ба эдгээр дэлхийн температурыг дулаан байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Эдгээр хий нь байгалийн эх үүсвэрээс гадна хүний үйл ажиллагааны явцад үүсдэг. Түлш, шатахууны шаталт, цөлжилт зэрэг нь нүүрс хүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлдэг бол нүүрс олборлолт, хөрс хуулалт, мал аж ахуй зэрэг нь метаныг их хэмжээгээр нэмэгдүүлэгч хүчин зүйлс юм.

-Уур амьсгалын өөрчлөлтөд ямар орнууд хамгийн их өртөж байна вэ?

-Хөгжингүй орнууд аж ахуйн нэгжийн том үйлдвэр станцуудтай, тэндээс нь хүлэмжийн хийнүүд ялгарч гарч байдаг. Хүлэмжийн хий гэдэг нь гаднаас дулааныг авч, буцаагаад хийгээ гаргаж байх ёстой байтал хүлэмж шиг барьчихаад байгаа юм.

Хүлэмж шиг барьж байна гэдэг бол зохиомол дулаан нэмэгдэх үйл явдал бий болгож байна. Тэр хий нь дэлхийг бүрхэж байна гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа улс орон бол манайх болон манайх шиг хөгжиж яваа газрууд. Далайн ойр орчим амьдардаг улс орнууд бол харьцангуй чийглэг байдаг учраас дэлхийн дулааралд өртөх нь бага байна.

-Монгол орны мөнх цаст уулсад дэлхийн дулаарал нөлөөлж, хайлж эхэлсэн гэдэг үнэн үү?

-Монгол орны байгалийн иж бүрдэл хэт их эмзэг. Тэгэхээр манай улс харьцангуй чийг багатай хуурай улс юм. Нэг зүйлд нь өөрчлөлт ороход бусдад нь дагаад ордог. Монгол орны томоохон гол мөрний ихэнх нь мөнх цаст, мөсөн голтой газруудаас эх авдаг. Том голуудын үндсэн тэжээл нь мөнх цаст мөсөн голууд байдаг.

Жишээ нь, Сэлэнгэ мөрний эх Идэрийн гол нь Завхан аймгийн Отгонтэнгэр уулын хойд хэсгээс эх авдаг. Дэлхийн дулаарал мөнх цаст мөсөн голуудад явагдаж байна. Энэ нь ялангуяа Монгол Алтай нуруунд тод илэрдэг.

-Манай оронд цөлжилтөд ихээр өртөж байгаа бүс нутаг хаана байна вэ?

-Монгол орны хэмжээнд хэрийн бүс илүү их цөлжиж байна. Байгалийн бүс бүслүүрийн хувьд хамгийн урд талаас нь цөл, говь, хээр, ойт хээр, тайга гэж бүсчилж хуваадаг. Дэлхийн дулааралтай холбоотой хээрийн бүс нь говийн бүс болж хувираад байна.

Хээрийн бүс нутаг хөрс байхгүй байна гэдэг бол ургамал байхгүй. Ургамал байхгүй газар ан амьтан, махан тэжээлтэн хүн төрөлхтөн байхгүй болно гэсэн үг юм.

-Цөлжилттэй яаж тэмцэх ёстой вэ?

-Үүнийг яаж зохицуулах вэ гэхээр менежментийн хувьд зөв шийдэл гаргаад тодорхой зорилтод хөтөлбөрүүд бий болгох хэрэгтэй байна. Цөлжилтөөс хамгаалсан зүйлс бий болгох хэрэгтэй.

Гэхдээ үүнд их төсөв мөнгө шаардлагатай. Жишээлбэл, Замын-Үүд, Эрээн хоёр хэдхэн километрийн зайтай боловч асар их ялгаатай. Уг нь бид Замын-Үүдийг Эрээн шиг болгох боломжтой. Харин үүнд хүний арчилгаа болон төсөв мөнгө хэрэгтэй болно.

Зураг