Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын нэр томьёог шинэчлэн тодорхойлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолтыг үндэсний хэмжээнд дараах байдлаар стандартчилсан байна. Энэхүү стандарт нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Сүүлийн жилүүдэд тус салбарт олон төрлийн шинэ үйлчилгээ нэвтэрч буй тул цаг үетэйгээ уялдуулан ийнхүү томьёолж байгаа хэмээн холбогдох албаныхан хэллээ.

MNS6777: 2019. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолтын үндэсний стандарт

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх стандартын шаардлагыг хангасан ажлын байранд, батлагдсан жор технологийн дагуу мэргэжлийн хүний нөөцтэйгөөр бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах хоол, ундааг үйлдвэрлэн үйлчлэх, худалдаалах, захиалгын болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг газар

Түргэн хоолны газар

-Хагас боловсруулсан бэлдэцээр хязагаарлагдмал нэр төрлийн халуун хоол, ундааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг хоолны газар

Кулинари /хагас болон бэлэн бүтээгдэхүүн худалдаалах газар/

-Зориулалтын гал тогоо бүхий газар үйлдвэрлэсэн, хагас боловсруулсан болон бэлэн хоол, ундаа, нарийн боовыг зориулалтын хөргөх тоног төхөөрөмжинд хадгалан, худалдаалах газар

Кофе-шоф

-Сонгодог нэрийн халуун, хүйтэн кофе, ундаа, нарийн боов, амтлаг бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх газар

Лоунж

-Зочид буудал, ресторан, баар, кафе болон үзвэр үйлчилгээний газруудад байрлах, тухлаг зөөлөн буйдан, сандал, жижиг ширээ бүхий, зууш, ундаагаар үйлчлэх тусгайлан тохижуулсан ая тухтай хэсэг

Хоолны газрын үйлчилгээ

-Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах хоол, ундааг үйлчилгээний чанар, соёл, стандарт шаардлагын дагуу үйлчлэх үйл ажиллагаа

Кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ

-Хэрэглэгчийн захиалгын дагуу зориулалтын гал тогоо бүхий газарт үйлдвэрлэсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалт, тээвэрлэлтийн сав багаж, хэрэгслээр үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа

Гадна талбайн хоол үйлчилгээ

Зориулалтын гал тогоонд бэлтгэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эд, бэлдэцээр хязгаарлагдмал нэр төрлийн хоол, ундаа үйлдвэрлэн, худалдаалах зориулалтын тоног төхөөрөмж, хоол олгох лангуутай зөөврийн болон суурин байгууламж бүхий хоолны үйлчилгээ

Хээрийн хоол үйлчилгээ

-Хээрийн аялал жуулчлал, цэргийн сургуулилт зэрэг хоол хийх суурин байгууламжгүй газарт, гал тогооны хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглосон, зориулалтын чиргүүл, зөөврийн байгууламж бүхий хоолны үйлчилгээ

Туузан дамжуургатай түгээх шугам бүхий хоол үйлчилгээ

-Хоолны бэлдэц, бүтээгдэхүүнийг гал тогооноос үйлчилгээний танхим дахь хэрэглэгч, зөөгчдөд хүргэх зориулалттай туузан дамжуурга бүхий үйлчилгээ