Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Бан Ги Мүн бүс нутгийн төдийгүй дэлхий дахины хэмжээнд байгаль, орчны асуудлуудыг түлхүү анхаарч ажиллах нь чухлыг тэмдэглээд энэ жилд бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдах томоохон хурлуудын талаар танилцуулан Монгол Улсыг идэвхтэй оролцон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэн хэлэв.

Сайд Н.Цэрэнбат Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан ноён Бан Ги Мүний дурдсанчлан байгаль, орчныг хамгаалах асуудал нь салбар дундын зохицуулалтаас гадна олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн шийдвэрлэх шаардлагатай гэсэнтэй санал нэгтэй байгаагаа онцлов. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэлээс үүдэлтэйгээр дотоодын шилжилт хөдөлгөөн нэмэгдэн, хүн ардын амьжиргаа төдийгүй эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад нөлөөлөөд буй агаарын бохирдолыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй олон шатны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн санал солилцов.

 “Ногоон паспорт” аяныг дэмжин ажиллахаа илэрхийлэв

 

Түүнчлэн уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  санаачлагаар хэрэгжиж буй хүүхэд залуучуудад байгаль орчныг хамгаалах, зохистой хэрэглээг дэмжих зорилготой “Ногоон паспорт” аяны явцын талаар ярилцаад БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат энэхүү санаачлагад нэгдэн ажиллахыг хүссэн бөгөөд ноён Бан Ги Мүн төслийг сайшаан ирээдүй болсон хүүхэд залуучуудыг уриалах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Талууд дэд бүс болон бүс нутгийн хамтын ажиллагааны бусад санал, санаачлагын асуудлуудаар санал солилцоод цаашид уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолоор төдийгүй холбогдох чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчимжүүлэх нь чухал болохыг нотоллоо.

 

 

Эх сурвалж: БОАЖЯ