Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монгол Улсын нийт авто замын ердөө 8% нь асфальт бетон зам байна

Б.Ану
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 1992 оноос 2012 оны хооронд 2.1 мянган км авто замыг улсын хэмжээнд барьсан бол 2012 оноос 2016 оны хооронд 3.3 мянган километрийг буюу 20 жилийн хугацаанд барьсан замаас даруй мянган км илүү замыг таван жилийн хугацаанд барьсан байна.

Тэгвэл 2017 онд 476.6 километр, 2018 онд 370 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулжээ.

Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 2018 оны байдлаар 111.9 мянган километр.

Үүнээс хатуу хучилттай нь ердөө 9.0 мянган километр, хучлагагүй буюу ердийн болон сайжруулсан хөрсөн зам 101.1 мянган километр байна.

Авто замын хучилтын төрлийг нийт авто замын сүлжээнд эзлэх хувиар нь авч үзвэл:

  • асфальт бетон зам 8,706.4 километр буюу 7.8 хувь,
  • хайрган зам 1207.9 километр буюу 1.1 хувь,
  • хөнгөвчилсөн зам 205.2 километр буюу 0.2 хувь,
  • цементбетон зам 81.7 километр буюу 0.1 хувь байгаа бол
  • 101.1 мянган километр буюу 90.3 хувийг ердийн болон сайжруулсан хөрсөн зам эзэлж байна.

Монгол Улсын авто замын нийт сүлжээнд:

  • олон улсын болон улсын чанартай зам 14,918.7 км,
  • орон нутгийн чанартай зам 96,125.3 км,
  • тусгай зориулалтын буюу уул уурхайн зориулалттай зам 872.7 км,
  • нийслэлийн авто зам 870 км зам эзэлж байна.

Олон улсын болон улсын чанартай авто замын:

  • 47.4 хувийг ердийн хөрсөн зам,
  • 43.4 хувийг асфальт бетон зам,
  • 6.2 хувийг хайрган зам,
  • 1.4 хувийг сайжруулсан хөрсөн зам,
  • 0.2 хувийг цемент бетон зам эзэлж байгаа байна.

Орон нутгийн чанартай замын:

  • 97.8 хувийг ердийн хөрсөн зам,
  • 1.4 хувийг асфальт бетон зам,
  • 0.7 хувийг хайрган болон сайжруулсан хөрсөн зам тус тус эзэлж байна.

2017 оны байдлаар Монгол Улсын 21 аймгийн төвийн 15 нь нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдоод байсан бол өнөөдрийн байдлаар Дорнод нэмэгдэж 16 болоод байна.

Аймгийн төв нь нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй баруун таван аймгийг холбохоор ажиллаж байгаа гэж Зам, тээврийн хөгжлийн яам мэдээллээ.

Зураг: Аймгийн төв нь нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй таван аймаг:

 

Тодруулбал, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км замыг өчигдөр хүлээж авсан байна. Энэ зам нь Говь-Алтай хүртэл 126.7 км явж хүрэх бөгөөд замын ажил үргэлжилж байгаа гэнэ.

Завхан аймгийн хувьд 114 км замын ажил нь мөн үргэлжилж байгаа, энэ ондоо багтаж ашиглалтад орно гэлээ.

 

Статистик эх сурвалж: ҮСХ